Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар сумын малын ерөнхий эмч, 26 настай бүсгүйг зэрлэгээр зодож, хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэгдэж буй нь олны анхаарлыг татсаар байна. Энэ талаар манай сонин газар дээрээс нь сурвалжилсан билээ. Улс төрийн албан тушаалтан холбогдсон энэ хэргийн талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл ташаа мэдээлж байгаа. Иймээс энэ талаарх бодит мэдээллийг уншигчдадаа хүргэж байна.
Уг хэрэг есдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө 04.00 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ буюу гуравдугаар багийн нутаг, Тусгалтын задгай гэдэг газарт болжээ. Тодруулбал, 24-ний 18.00 цагийн үед тус сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар уг газарт нутаглах Н.Ганзоригтой адууны наймаа хийхээр Б.Ханбаатарын 49-47 ТӨВ улсын дугаартай хар өнгийн “Приус 20” маркийн автомашинаар очсон аж.
Нутгийн адуучин Н.Ганзориг нь Г.Ариунболдын малчин юм байна. Наймаагаа тохирч, жин тан болгочихоод тэд 0.75 литрийн цагаан архи уусан байна. Архи ууж халамцсаныхаа дараа Г.Ариунболд сэжигтэн Б.Ханбаатарын гар утсаар хохирогч Б-г дууджээ. Ингэхдээ “Н.Ганзоригийнд малын гоц халдварт өвчин гарч, дөрвөн үхэр үхчихсэн байна. Яаралтай ир. Удахгүй жолооч Эрхэмтөр чамайг очиж авна. Цааш нь хүнд мэдэгдэх хэрэггүй, нууцал” гэж ярьжээ.
Ингээд 20.00 цагийн үед жолооч Эрхэмтөр, Б нар Н.Ганзоригийнхыг сураглаж явсаар олж очсон аж. Ингээд жолооч Эрхэмтөр Б-г хүргэж өгчихөөд буцсан байна. Харин Н.Ганзориг, Г.Ариунболд, Б.Ханбаатар, Б нар үлдэж архи ууцгаажээ. Гэхдээ хохирогч эхний хундагатай архинд дөнгөж уруул хүргээд, гэрийн эзэн Н.Ганзоригт “Ах аа, би архи уудаггүй. Танайх сайхан айрагтай юм байна. Үүнийгээ л ууя” гээд хундагатай архийг буцаасан байна.
Ингэж суусаар шөнийн 03.00 цагийн үед харьцгаахаар босчээ. Бүгд гарч Б.Ханбаатар жолооны ард, хохирогч Б урд талын суудалд суусан байна. Энэ хооронд Г.Ариунболдыг “морь харах”-аар гэрээс жаахан холдох үед Б.Ханбаатар машинаа асаан шууд явчихжээ. Гэрийн гадаа Г.Ариунболд, Н.Ганзориг нар гайхан хоцорсон гэдэг. Тэднийг буцаж ирэх байх хэмээн хэсэг хүлээгээд Г.Ариунболд гэрт буцаж ороод Тамгын газрын жолооч Д.Бямбасүрэн рүү утсаар ярьж “Унаагүй болчихлоо, ирж ав” гэж дууджээ.
Жолоочоо хүлээх зуураа тэрбээр Н.Ганзоригтой үлдсэн архиа хувааж уусан байна. Ингээд нэг цаг орчмын дараа жолооч Д.Бямбасүрэн “Урд айлын хажууд Ханбаагийн хар машин байна. Наана нь нэг хүн өвчтэй юм уу, тасарчихсан юм уу сонин дуугараад байна” гэсээр орж иржээ. Тэд сандран гарч, олж очиход Б.Ханбаатар машиндаа согтуу унтаж байсан бол хохирогч эмэгтэй машинд байгаагүй гэнэ. Гэрэл тусган эрсээр олоход машинаас 20 орчим метр зайтай газарт хохирогч маш их зодуулж цус алдан, ухаангүй хэвтэж байж.
Гэрчүүд болох Г.Ариунболд, Д.Бямбасүрэн нар хохирогчийг Улсын I төв эмнэлэг болон ГССҮТ рүү Баянчандмань сумын ЗДТГ-ын “Киа рио” маркийн автомашинаар авч явсан байна.
ГЭРЧҮҮД БОЛОН ЭХ СУРВАЛЖУУД ЮУ ӨГҮҮЛЭВ
Энэ хэргийн талаар гэрчүүд болон эх сурвалжуудын ярьсанд тулгуурлан үйл явдлын ерөнхий зураглал, төсөөлөл ингэж бууж байна. Гэхдээ энэ бол мэргэжилтэн, шүүх, цагдаагийн байгууллагынхны эцсийн дүгнэлт биш, сурвалжлагчийн хувьд хийсэн “дүгнэлт” юм.
Ийм зураглал гаргах болсон шалтгаан минь гэвэл, энэ хэрэгт холбогдож буй сэжигтэнд үүсгэсэн эрүүгийн хэргийн зүйл анги өөрчлөгдөж магадгүй байгаад оршино. Ингэхдээ энэ хэргийн гэрч, эх сурвалжуудын мэдээлэлд тулгуурлан бодитой, цэгцтэй хүргэхийг зорилоо.
Сумын аюулгүйн нөөц бүрдүүлэх даалгаврын дагуу хадланд гарах үед Тамгын газрын дарга Г.Ариунболд малын ерөнхий эмч Б-г хадланчдын тогоочоор авч явжээ. Энэ үеэр тэднийг дотно харилцаатай болсон гэдгийг гэрчлэх хэд хэдэн хүн байдаг юм билээ. Харин Б.Ханбаатар хохирогч эмэгтэйг нэг бус удаа хоргоож байсан гэнэ. Өөрийг нь тоогоогүй атлаа дунд сургуулийн нэг ангийнх нь найзтай дотно болсонд Б.Ханбаатарын хор шар хөдөлсөн байж болох.
Гэхдээ хэрэг гардаг өдөр Б.Ханбаатар биш Г.Ариунболд хөөрхий эмэгтэйг хуурч мэхлэн айлд дуудаж аваачсан байдаг. Тэрбээр уг эмэгтэйг яах гэж тэнд дуудсан нь тодорхойгүй. Гэтэл Г.Ариунболд, Н.Ганзориг нарыг гүү сааж байх үед Б.Ханбаатар хохирогчтой машин дотор цаг орчим хамт суусан. Магадгүй энэ үеэр хохирогч Б.Ханбаатартай ямар нэгэн харилцаа үүсгэхгүй гэдгээ хэлсэн байж болох. Үүнд нь хорссондоо Б.Ханбаатар ийм харгис гэмт хэрэг хийсэн байж болзошгүй юм.
Ямар ч аргаар хамаагүй бүсгүйгээс өс хонзонгоо авах гэсэн бодол нь хоёрын хоёр хүний нүдэн дээр түүнийг авч зугтахад хүргэсэн байх магадлалтай. Санасандаа хүрч эмэгтэйг ухаан баларттал нь зодож, хүчирхийлснийхээ дараа Б.Ханбаатар өөрийгөө хүн алчихлаа хэмээн бодсон бололтой. Ингээд арга саам хайж хохирогчийг жалганд хаяж, нуухаар оролдсон.
Учир нь тэрбээр өөрийнхөө машин дотор гэмт хэрэг хийчихээд хохирогчийг машинаасаа 20 орчим метр хол аваачиж хаясан байдаг. Б.Ханбаатар хохирогчийг нуухаар зөөж байх үед нь Тамгын газрын жолооч Д.Бямбасүрэн машинтайгаа ирсэн аж. Баянчандмань сумаас хэрэг гарсан газар луу 30-40 минут л явах зайтай. Б.Ханбаатар машины гэрэл хараад, хохирогчийг газар хаячихаад өөрөө машин дотроо тасарсан хүний дүр эсгэж хэвтсэн болов уу. Б.Ханбаатарыг хэрэг хийчихээд санаа амар унтаж байхаар согтоогүй гэдгийг Н.Ганзориг гэрчилж байгаа.
Түүнчлэн хэрэг хийхэд ашигласан төмрөө нуух гэж оролдсон, хохирогчийн асгарсан цусыг арчсан зэрэг байдлаас нь харахад ч тэрбээр ухаан мэдрэлээ алдатлаа согтоогүй бололтой. Ямар ч хүн ийм хэрэг хийснийхээ дараа сэртхийж “Би юу хийчихэв ээ. Одоо яах вэ” гэж бодох нь дамжиггүй. Уусан багахан архи нь гарч, айдсаар солигдох байтал санаа амар унтаж байна гэдэгт итгэх хүн байх уу? Шинжээч эмчийн урьдчилсан дүгнэлтээс үзвэл бэлэг эрхтэн рүү нь хатуу, урт зүйл хийснээс болж, нарийн гэдэс, хэвлийн хэсэг нь хүнд гэмтсэн байна.
Тийм гэмтэл авсан хүн машинаас өөрөө буугаад явж чадахгүй нь тодорхой. Түүнчлэн хохирогч хэрвээ тэгж чадах байсан бол машинаас буугаад Н.Ганзоригийнх руу биш, хамаагүй ойр 500 метр хүрэхгүй зайд байгаа айл руу явах байсан. Тэр айл машинтай маш ойрхон, гаднаа гурван том нохойтой юм билээ.
Сэжигтэн хэрэв хохирогч эмэгтэйг үхсэн гэж бодоод жалга руу зөөж байсан бол энэ хэргийн зүйл анги өөрчлөгдөх ёстой. Учир нь сэжигтэн хохирогчийг үхсэн, би алчихсан гэж бодсон тул түүний хийсэн үйлдэл төгссөн гэсэн үг. Үүнийг хуулийнхан “Төгссөн завдалт” гэдэг юм билээ.
Тэгэхээр сэжигтэнд эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл буюу “Хүнийг санаатай бүрэлгэсэн” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэх учиртай. Түүнчлэн согтуудаа, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж ийм хэрэг үйлдсэн нь хэргийг хүндрүүлэх нөхцөл болох гэнэ.
Одоо бол сэжигтэн Б.Ханбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.1 (Бусдын биед хүнд гэмтэл санаатайгаар учруулсан), 126 дугаар зүйлийн 126.2-т (Энэ хэргийг хохирогчийг тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж, хүндэвтэр буюу хүнд гэмтэл учруулж, хүчирхийлсэн) зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.