Төв аймгийн ЗДТГ-ын байр
Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар Тамгын газрынхаа мэргэжилтэн 26 настай бүсгүйг хэрцгийгээр зодож, хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэгдэн, шалгагдаж байгааг бид өмнө нь мэдээлсэн.
Болсон явдлыг тодруулахаар Баянчандмань сумыг өчигдөр зорилоо. Сумын ЗДТГ-ын дэргэдэх нэгэн цайны газрыг ажиллуулдаг эмэгтэй “Бид нэг нутгийн уугуул. Тэр хүүхдийг сайн мэднэ. Тийм аймшигтай зүйл хийх хүн гэж бодохгүй байна. Багын л их даруухан, зөөлөн хүүхэд байсан. Ээж нь өөд болчихсон, хөгшин эцэг нь байдаг юм. Тэр өдөр архи уусан байсан гэсэн.
Согтуугийн хар гай л дайрч дээ гэж бодож сууна. Хохирогч охиныг ч гэсэн сайн мэднэ. Сумын ЗДТГ-ын эрүүл ахуйн мэргэжилтэн болохоор бидэнтэй байнга л уулздаг юм. Тэр ч гэсэн их даруухан, зан ааш сайтай хүүхэд. Энэ аймшигтай хэргээс болж сумын иргэд цочирдчихоод байна. Энэ талаар ярихгүй хүн ч алга” гэж ярилаа.
Нутгийн хэд хэдэн иргэнтэй уулзахад Б.Ханбаатарын талаар муу үг хэлэх хүн таарсангүй. Бүгд л “Даруухан, сайн залуу” гэх. Б.Ханбаатар 1984 онд төрсөн. Сумынхаа М гэх бүсгүйтэй гэрлэн, хоёр охинтойгоо ам бүл дөрвүүл амьдардаг, тус сумын уугуул иргэн. 2006 онд Батлан хамгаалахын их сургууль төгссөн юм байна.
2008 оноос сумын Засаг дарга Б.Баярнэмэхийн орлогчоор ажиллаж байгаа. Харин хохирогч Б тус суманд жил гаруйн өмнө ирж, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр ажилладаг болжээ. Хэрэг гарсны дараа ЗДТГ-ын ажилтнууд Б.Ханбаатар, Б нарын хооронд хувийн харилцаа байсан, эсэхийг бие биенээсээ хачирхсан байдалтайгаар асууж байж. Гэвч тэдний дунд тийм харилцаа байсан, үгүйг мэдэх хүн нэг ч олдоогүй гэнэ.
Хохирогчтой хамт ажилладаг эмэгтэйтэй уулзахад “Хэрэг гарахаас хоёр хоногийн өмнө Б “Би магистрт сурч, мэргэжил дээшлүүлэх гэж байгаа. Ажлынхаа хажуугаар сурч болно гэсэн. Хаана сурвал зүгээр бол оо. Одоо сургуулиа олно” гээд явж байсан. Б.Ханбаатар даргатай ямар харилцаатай байсныг нь мэдэхгүй. Энэ хэргээс болж бид хэнд ч итгэж чадахгүй гадагш гарахаа ч больсон” гэж ярив.
Хохирогч эмэгтэй сумын нийтийн байранд амьдардаг аж. Хажуугийнх нь өрөөний хүн “Ярихад ч ичмээр, жигшмээр хэрэг гарсан байсан. Санаанд ч багтахааргүй хүмүүс энэ хэрэгт орооцолдсон юм билээ. Б бол тэгж хүнтэй өс хонзонтой болох хүн биш. Архи ч уудаггүй. Их даруухан охин. Хүн болгонтой найрсаг харилцдаг. Охин нь гурван настай, саяхан даахийг нь үргээсэн юм. Миний ажигласнаар өмгөөлж хамгаалах хүнгүй гээд түүнийг хүмүүс их л дээрэлхдэг юм шиг санагдсан.
Би хэрэг гарсны маргааш ГССҮТ-д очиж, Б-тэй уулзсан. Харахын аргагүй, нүд хальтирмаар болсон байна лээ. Зүгээр нэг архи уугаад согтсон хүн тийм зүйл хийж чадна гэдэгт итгэхгүй л байна. Манай ЗДТГ-ын ажилтнууд Б-г ээлжлэн эргэж, ар гэрийнхэнд нь чадах чинээгээрээ л тусалж байгаа. Одоо тэр хүн л эрүүл саруул болбол боллоо. Бусад асуудлыг нь хуулийн байгууллага шийднэ биз” хэмээв.
Олныг цочроосон энэхүү жигшүүрт хэрэг Ганзориг гэдэг айлын ойролцоо гарсан, Б.Ханбаатар тэднийд очиж архи уучихаад ийм хэрэг хийсэн гэх мэдээлэл анх тархсан юм. Тиймээс бид Ганзоригийнх руу явлаа. Тэднийд очих зам заалгахаар нутгийн айлаар дайрав.
Гэтэл хэрэг гарсан өдөр буюу энэ сарын 24-ний орой бүрий тасарч байх үед хар өнгийн “Приус 20” маркийн автомашинтай, хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн тэднийд ирж, Ганзоригийнх хаана нутаглаж буйг лавлаад явсан байна.
Тэр шөнө 02.00 цагийн үед уг айлын эзнийг “морь харах”-аар гарахад гэрийнх нь хажууханд нөгөө хар машин зогсож байсан гэнэ. Гэсэн ч нэг их юм бодолгүй гэртээ оржээ. Гэрийн эзэн тэр шөнө хажууханд нь аймшигт гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг мэдээ ч үгүй аж. Тэр хавийн газарт машин маш хурдтай явсан, шарваж зогссон мөр энд тэндгүй, тодоос тод үлджээ.
Уг хэрэг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаас “Сүүж” амралтын газар луу салдаг замын уулзвараас холгүй болжээ.
Б.Ханбаатарын хурдтай явсан машин шарвасан мөр
Тухайн өдөр Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд, хохирогч Б нарын очсон, тэднийг архиар дайлсан гэгдээд буй Ганзоригтой уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.
-Та болсон явдлын талаар тодорхой ярьж өгнө үү. Танайх тэр өдөр унагаа тамгалсан гэл үү?
-Үгүй ээ. Манайх есдүгээр сарын 11-нд унагаа тамгалсан. Хэрэг 24-нд гарсан. Тэр өдөр Б.Ханбаатар надтай морины наймаа хийхээр 17.00 цагийн үед ирсэн юм. Тэгээд наймаагаа тохирч, жин тан болгочихоод 18.00 цагийн үед гүүгээ саасан. Надад Г.Ариунболд тусалж, унага татаж өгсөн. Энэ хооронд Б.Ханбаатар тэр эмэгтэйтэй хамт машин дотроо сууж байсан. Гүүгээ сааж дуусчихаад бид гэрт орж, архи уусан. Тэгээд л шөнө 00.00 цагийн үед бүгд явахаар гарцгаасан юм.
Би ч зочдоо гаргаж өгөхөөр хамт гарсан. Г.Ариунболдыг гэрээс жаахан холдож, бие засаж байх хооронд Б.Ханбаатар нөгөө эмэгтэйг машиндаа суулгаад шууд давхиад яваад өгсөн. Бид хоёр гайхаад л хоцорсон. Буцаад ирэх юм болов уу гэж бодоод хүлээж байгаад ирэхгүй болохоор нь гэрт орцгоосон юм. Орж ирээд л Г.Ариунболд жолоочоо дуудсан.
Түүнийг хүлээх зуураа бид хоёр үлдсэн хугас шил архиа ууж байлаа. Тэгээд цаг орчмын дараа жолооч нь ирээд “Ханбаагийн хар машин урд айлын дэргэд байна. Хажуугийн жалганд нь нэг хүн согтуу юм уу, бие нь өвдчихсөн юм уу, сонин дуугараад байна” гэсээр орж ирсэн. Бид нөгөө хоёрыг осолд орсон юм биш байгаа гээд сандран гарч хайлаа.
Манайхаас нэлээд зайтай газарт Ханбаатар машиндаа унтаж байсан. Харин нөгөө эмэгтэй байгаагүй. Бид гэрэл тусгаж эрсээр хажуугийн жалганаас эмэгтэйг олсон. Тэгээд гэрт оруулж ирээд харахад нүүр нь цус болчихсон байсан. Тэгээд л даруйхан эмнэлэгт хүргэсэн нь дээр гээд авч явсан.
-Хохирогч эмэгтэй архи уусан уу. Та нар хэдэн шил архи уусан юм бэ?
-Бид нэг л шил архи уусан. Тэр эмэгтэй бол огт уугаагүй. Айраг л уусан. Б.Ханбаатар ч гэсэн машин барьж байгаа гээд бараг уугаагүй. Юу хийж байгаагаа хянаж чадахааргүй согтуу байсан гэж бодохгүй байна. Г.Ариунболд бид хоёр л нэлээд уусан.
-Танайд байх үед Б.Ханбаатар, Б нарын хооронд их дотно ч юм уу, эсвэл эв түнжингүй гэмээр байдал анзаарагдсан уу?
-Үгүй. Тийм юм мэдэгдээгүй. Манайд байхдаа бид ширээ тойроод л сууж байсан. Тэр хоёр зэрэгцэж ч суугаагүй. Гэхдээ Г.Ариунболд бид хоёрыг адуун дээр байх үед тэр хоёр машиндаа нэлээд удаан хамт суусан. Тэр хооронд юу ярьсныг нь мэдэхгүй. Эмэгтэй нь их даруухан, дуу цөөтэй л юм шиг санагдсан.
-Хохирогч эмэгтэй танайд яах гэж ирсэн юм бэ. Малын халдварт өвчин гарсан гэж түүнийг хуураад, тамганы найранд авчирсан гэдэг үнэн болов уу?
-Мэдэхгүй ээ. Айраг уух л гэж ирсэн гэсэн шүү дээ. Намайг энэ хэргийн дараа мал хуйгаа аваад зугтана гэж зарим хэвлэлд бичсэн байсан. Надад тэгэх шаардлага байхгүй.
-Та Б.Ханбаатарыг хэр сайн таних вэ. Тийм хэрэг хийх хүн гэж бодож байна уу?
-Би ердөө л таних төдий. Дуу цөөтэй, удирдагч хийж чадах хүн л гэж бодож байсан. Би түүнтэй мал тоолоход л таардаг юм. Үнэхээр ийм хэрэг хийсэн гэдэгт итгэж чадахгүй л байна. Ёстой л нөгөө дайрлага нь дайрсан юм болов уу гэж бодож байна даа гэв.