Улаанбаатар хотод Автомашингүй өдрийг өнгөрсөн бямба гарагт 12 дахь жилдээ зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд 07.00-18.00 цагийн хооронд хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, иргэдэд явган алхах, дугуй унах боломж олгосон юм. Эл өдөр Д.Сүхбаатарын талбайд соёл урлагийн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахаас гадна эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ хэрхэн үзүүлэх талаар зөвлөгөө, мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүй өгч байв. Түүнчлэн иргэд гэр бүлээрээ явган алхаж, хүүхэд багачуудаа салхилуулахын сацуу дүүргүүдээс зохион байгуулсан спорт өдөрлөгт өргөнөөр оролцож байлаа. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил авч байсан. Энэ өдөр хувийн хэвшлийн болон төрийн байгууллагууд эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан таниулах зорилготой олон төрлийн арга хэмжээ санаачлан зохион байгуулдаг уламжлалтай.
Тухайлбал, “Ахиллис Монгол” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагынхан “Итгэл, найдвар, боломж-Улаанбаатар” 10 дахь удаагийн марафоноо зохион байгуулсан юм. Эл марафон нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх нийгмийн хандлагыг өөрчлөх, тэднийг спортоор хичээллүүлэх, амьдралын идэвх, чанарыг сайжруулах зорилготой аж. 1.5, тав, 10, 21, 42 км-ийн төрөлд зохион байгуулсан уг марафонд нийт 2000 гаруй хүн оролцсон байна. Автомашингүй өдрөөр суррон, мопед, скүүтер зэргийг замын хөдөлгөөнд оролцуулахгүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байв. Гэвч эл өдөр алхаж явсан иргэнийг скүүтертэй хүүхэд мөргөж, гэмтээсэн осол гарчээ. Түүнчлэн дугуй, роликноос унаж, бэртсэн тохиолдол ч цөөнгүй гарсан гэнэ. 12 дахь жилдээ зохион байгуулсан эл арга хэмжээг олон хүн сайшаасан ч нийслэлийн төв замыг хаасанд бухимдах иргэн цөөнгүй байв. Тухайлбал, нэгэн иргэн цахим хуудсандаа “Автомашингүй өдрөөр төв замаа хааж, улс төрчид хандалт авах гэж хичээдэг, ажил хийсэн дүр үзүүлдэг боллоо.
Алхдаг хүмүүс баяртай, бизнес эрхэлдэг хүмүүс бухимдалтай байна. Уг нь нийслэлд алхаж чадахгүй хүмүүс, түгээлт хийдэг жолооч, үйлдвэр, үйлчилгээ эрхэлдэг иргэд бий шүү дээ. Хэт туйлширч болохгүй. Эрх баригчид үнэхээр анхаардаг бол явган хүний болон дугуйн замаа засах учиртай. Хүмүүсийн эрх ашгийг тэгш хангана гэдэг нь хотын сайн менежерийн чадвар. Түүнээс биш хааж боох, хориглохыг хэн ч чадна” гэв. Зам, тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор Автомашингүй өдрийг жилд хоёр удаа зохион байгуулдаг уламжлалтай. Уг арга хэмжээ нь автомашины хэрэглээг хязгаарлаж, автобус, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгсэл болон явган алхахыг дэмжих зорилготой. Мөн замын түгжрэлээс үүдэлтэй хүн амын бухимдал, агаар, орчны бохирдлыг бууруулах зорилготой аж. Түүнчлэн эрүүл аж төрөх орчин нөхцөлийг бүрдүүлэн, идэвхтэй хөдөлгөөнийг олон нийтэд сурталчилж, нийтийг хамарсан уралдаан, тэмцээн, соёл урлаг, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулдгаараа онцлогтой юм.
У.Сүрэн