Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийг 2017 онд баталж, импортын сүү орлуулагчийг хязгаарлаж, эхийн сүүний хэрэглээг нэмэгдүүлэх болсон билээ. Үүний хүрээнд Эхийн сүүний банкийг “Өргөө” амаржих газарт байгуулжээ. ЭМЯ болон ДЭМБ-ын Нярайн эндэгдлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд тус газрын Эрчимт эмчилгээний тасагт ийнхүү Монголын анхны сүүний банкийг байгуулсан аж. Тус банканд төрсөн эхийнх нь болон донорын сүүг нөөцөлж, хөхөө хөхөх боломжгүй болон дутуу нярайд өгөх юм байна.
Дээрх хуулийн 15.3.2-т амаржих газрууд болон хүүхдийн тасгуудад эхийн сүүний банк байгуулахаар зааж, 2017-2020 онд төрөх эмнэлгүүдэд цөөнгүй төсөл хэрэгжүүлсэн ч амжилт ололгүй, өнөөдөртэй золгов. Амаржих газруудад донор сүүний банк олон шалтгаанаар нэн хэрэгцээтэй байдаг. Наад зах нь дөнгөж төрсөн нярайг хуурай сүүгээр угжихаас татгалзах, цаашлаад эхчүүдийг бусад хүүхэд хөхүүлэх, үүний уршгаар янз бүрийн өвчин сүүгээр дамжих эрсдэлээс сэргийлэх тустай аж. Тиймээс л эхийн сүүний доноруудыг элэгний В, С вирус, ХДХВ, тэмбүүгийн шинжилгээнд заавал хамруулж, ямар нэгэн эм, биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээгүй байхыг шаарддаг гэнэ.
О.БАТ