“Шинэ зуун билэг” олон улсын сургуулийн 7а ангийн сурагч Б.Баясгаланг онгоцны нисгэгч болох хүсэл мөрөөдөл нь нисэх загварын спортод хөл тавихад хөтөлжээ. Тэрбээр элспорттой нөхөрлөсөн үеийнхнээсээ богино хугацаанд амжилт гаргаж буй. Туршлагатай дасгалжуулагчдын удирдлагад хичээллэн авьяас, ур чадвараа хөгжүүлж, дотоодын томоохон тэмцээнүүдээс цөөнгүй медаль хүртсэн нь түүнд урам өгсөн гэдэг. Нисэх загварын спортын УАШТ-ий жолоодлогот уран нислэгийн өсвөр үеийнхний ангилалд өнгөрсөн жил оролцож, тэргүүн байрт шалгарсан тэрбээр энэ удаа Улаанбаатарт болсон нийслэлийнаваргашалгаруулахтехник, технологийн олимпиадад түрүүлж, нисэх загварын спортын хотын АШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм. АНУ-ын Индиана мужийн Манси хотод энэ сарын 11-17-нд зохион байгуулсан ДАШТ-д ур чадвараа сорьсон Ази, Европын тамирчдаас хамгийн залуу оролцогч нь тэр байсан. 12 насандаа эх орноо төлөөлж, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн түүнийг “Шинэ танил” буланд онцолъё.
-АНУ-ыг зорьсон Монголын тамирчдад Манси хот ямар сэтгэгдэл төрүүлсэн нь сонирхол татаад байна.
-АНУ-д анх хөл тавихад төсөөлснөөс минь ч сайхан орон байлаа. Бидэнд Манси хотын хөгжил, цаг агаар, уур амьсгал, орчин нөхцөл гээд бүх зүйл нь гайхалтай санагдсан. Бэлтгэл хийх үед салхитай байсан ч онгоцныхоо тохиргоог тааруулаад нисгэхэд хэцүү байгаагүй. Монголын шигшээ багийнхан тэнд тав хоног бэлтгэлээ базааж, тэмцээнд оролцсон. Тухайн үед биднээс ч олон жил хичээллэж, ДАШТ-д нэг бус удаа ур чадвараа сорьсон гадаадын тамирчид, тэр дундаа эзэн орны багийнхны авьяас, туршлагаар бахархсан даа. Миний хувьд олон зүйлийг харж, судалсан тул дараагийн тэмцээнд өөрийгөө сайтар хөгжүүлж, амжилт гаргана гэж бодож байгаа. ДАШТ-д 30 орны 261 тамирчин дөрвөн төрөлд оролцоход Азиас манайхаас гадна БНХАУ, Япон, Сингапурын шигшээ багийнхан өрсөлдсөн. Миний оролцсон жолоодлогот уран нислэгийн F2B төрөл хамгийн олон оролцогчтой нь байв.
-Тэмцээний үед нислэгийн талбайд таны ажиглаж, судалсан зүйл юу байв?
-Нислэгийн талбайд тэмцээн ширүүхэн өрнөж, өмнөд хөршийнхөн шилдгээ батлан тэргүүн байр эзэлсэн. Улс нь тамирчдынхаа бүх зүйлд анхаарал хандуулж, бэлтгэл хийх орчин нөхцөлөөр хангадаг нь өрсөлдөөний үед анзаарагдаж байлаа. Финалын нислэгт 15 оролцогч шалгарахад эхний хоёрт Итали, АНУ, түүнээс хойших байрт Хятадын таван тамирчин дараалж жагссан юм. Өндөр түвшинд бэлтгэгдсэн тэднээс эмэгтэй тамирчин нь чансаагаараа VIII байрт бичигдсэн. Тус улсын багийн дасгалжуулагч ДАШТ-д оролцохоосоо өмнө АНУ-ын цаг агаар, орчин нөхцөлтэй төстэй газруудыг сонгож, тамирчдаа бэлтгэл хийлгэсэн талаар өгүүлж байв. Тэд тэмцээн эхлэхээс нэг хоногийн өмнө ирсэн шүү.
-Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, ДАШТ-д өрсөлдөхөөр болсноо сонсоод их догдлов уу?
-АНУ-ыг зорихын өмнө “Би амжилт үзүүлж чадах болов уу” гэж их сандарсан. Тухайн үед “Шилдгүүдтэй өрсөлдөх тул одоо байгаагаасаа илүү хичээж, өөрийгөө дайчилна” гэх бодол юу юунаас илүү төрж байлаа. Монголын шигшээ багийнхан нэг сар эрчимжүүлсэн бэлтгэл хийж оролцсон гэхэд чамлахааргүй амжилт гаргаж, тэмцээний зохион байгуулагч, шүүгчдийг гайхшируулсан.
-ДАШТ-д оролцсон Ази, Европын тамирчдаас хамгийн залуу нь та байсан нь олон орны хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг татсан байх.
-Өөрөөсөө олон насаар ах тамирчидтай өрсөлдөх эхэндээ амаргүй санагдаж байлаа. Надад тэднээс суралцсан зүйл их бий. Эзэн орны тамирчид энэ удаа түрүүлээгүй ч багаараа дэд байрт шалгарсан. Миний хувьд танилын хүрээгээ тэлэх зорилгоор АНУ, БНХАУ-ын тамирчидтай танилцаж, найз нөхдийн холбоо тогтоолоо. Өмнөд хөршийн түрүүлдэг тамирчин 20, мөн эзэн орны мөнгөн медаль хүртсэн тамирчин 18 настай. Бид тэмцээнтэй өдрүүдэд нэгэндээ мэддэг, чаддаг зүйлээсээ зааж, зөвлөн сайхан нөхөрлөсөн шүү.
-Агаарын спортын төрлүүд үзэгчдийн сонирхлыг их татдаг юм билээ. Таныг ч гэсэн үүнд татагдахад юу тэгтэл их нөлөөлсөн юм бол.
-Би онгоцны нисгэгч болохыг хүсдэг. Нисэх загварын спорттой нөхөрлөөд хоёр жил болж байна. Аав минь залуудаа үүгээр хичээллэдэг байсан нь намайг тамирчин болоход багагүй нөлөөлсөн. Энэ спортынхны анхаардаг зүйл бол техник хэрэгсэл. АНУ-ын тэнгэрт анх удаа нисгэсэн онгоцыг минь аав Узбекистан улсад захиалж хийлгэсэн юм. Манайхан миний төрсөн өдрийн баяраар онгоц бэлэглэж, баярлуулсан. Аавын захиалсан онгоц нь төрсөн өдрийн баярын өмнөх өдөр Узбекистанаас ирсэн.
-Таныг “Зуун билэг” клубээс тамирчны гараагаа эхлүүлсэн гэж сонссон.
-Би нийслэлийн 31 дүгээр сургуульд сурч байгаад “Шинэ зуун билэг” олон улсын сургууль руу шилжсэн. Тус сургууль гадаад хэлний сургалттайгаас гадна нисэх загварын спортын тамирчид бэлтгэдэг клубтэй. Ангийн багш У.Болортуяа, хамт олон минь намайг тэмцээнд оролцоход дэмжиж үздэг. Одоо манай ангиас таван хүүхэд энэ спортоор хичээллэж байна. Сургуулийнхаа нэрэмжит нисэх загварын спортын тэмцээнд анх оролцож, мөнгөн медаль хүртэн тамирчныхаа гарааг эхлүүлсэн. Түүнээс хойш УАШТ, хотын АШТ-д өрсөлдөж цөөнгүй шагнал гарджээ. Өнгөрсөн жил зохион байгуулсан УАШТ-ий жолоодлогот уран нислэгийн F2B төрлийн өсвөр үеийнхний ангилалд түрүүлж, энэ жил техник, технологийн олимпиадад Улаанбаатар хотын аварга болж, улсад IV байр эзэллээ. Хотын АШТ-д оролцох үед аав “Миний хүүд боломж байна даа” гэж хэлсэн үг нь урам өгч, хүрэл медаль хүртэхэд их нөлөөлсөн. Тамирчин хүн анхныхаа медальд хайртай байдаг юм билээ. Мөнгөн медаль маань араасаа шагнал дагуулж, надад эрч хүч хайрласанд их баярладаг. “Зуун билэг” клубийн нэрэмжит шилжин явах цомын тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нислэгийн талбайд ирэх сарын 6-7-нд хурдны F2A, уран нислэгийн F2B ангилалд болно. Миний хувьд ДАШТ-д жолоодсон онгоцтойгоо оролцож, медаль хүртэхээр зорьж байна.
-Гадаадын тамирчид Монголын шигшээ багийнхны ур чадвараар бахархсан гэсэн. Энэ талаар сонссоноо сонирхуулж яриач.
-Польш улсад 2022 онд болсон ДАШТ-д түрүүлсэн Словакийн тамирчин Игорь Бургер энэ жил зодог тайлж, шүүгчээр ажилласан юм. Тэрбээр цахим хуудсандаа “Монголын тамирчид нисэх загварын спортод үсрэлт хийж байна. Би тэднийг өмнөх ДАШТ-д хэрхэн оролцохыг нь харсан. Энэ удаагийн тэмцээнд хоёр нь мөнгө, хүрэл медаль хүртлээ. Тус улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд залуу тамирчин багтаж, шилдгүүдтэй өрсөлдөхийг хараад их бахархсан. Тиймээс хойшид тус спортын холбоо олон улсын дүрмээ өөрчлөх талаар бодох нь зүйтэй байх” хэмээн онцолсон байсан.
-Спортоор хичээллэдэг тамирчид хичээлдээ суух, бэлтгэл хийж, тэмцээнд оролцох гээд завгүй байдаг. Энэ бүхнийг хэрхэн амжуулж байна вэ?
-Тамирчин болоод бүхнийг зэрэг амжуулах амаргүй болохыг их ойлгосон. Завгүй үед гэрийнхэн минь тусалж, дэмждэг. Би ОУХМ, дасгалжуулагч Л.Гантулга багшийн удирдлагад энэ спортоор анх хичээллэсэн. Дараа нь спортын мастер Ц.Чинзориг багшийн удирдлагад үргэлжлүүлсэн юм. Тэрбээр манай сургуулийн дизайн технологийн багш,“Зуун билэг” клубийн дасгалжуулагчаар ажилладаг. Багш нар минь энэ спортын онцлог, давуу талыг надад зөв ойлгуулж, бүх дасгалыг нь заасан ачтан.
-Нисэх загварын спортынхонд баримталдаг зарчим байдаг биз?
-Бий бий. Бид техник хэрэгслээ гамтай эдэлж, байнга цэвэр байлгадаг. Тэмцээний үед өрсөлдөгчдөө хүндэлнэ. Сандарч, догдлохгүй тайван байж, салхины зүг чигийг сайтар тооцоолно. Орчин тойрныхоо орон зайг мэдрэн, гол анхаарлаа нислэгтээ төвлөрүүлдэг. Онгоцоо зөв жолоодож гэмтээхгүйгээр зөөлөн газардуулна. Би амжилт гаргах бүрдээ дасгалжуулагч багш нартаа, тусалж дэмждэг гэрийнхэндээ, мөн аавынхаа найзуудад их талархдаг. Энэ ташрамд, “Номин холдинг” ХХК-ийн захирал А.Шагдарсүрэн, “Виртуалсофт” ХХК, Б.Баттулга ах, дасгалжуулагч Л.Гантулга, Ц.Чинзориг, шигшээ багийг удирдаж бэлтгэл хийлгэсэн Д.Мөнхмандах багшдаа баярласнаа илэрхийлье.