Засгийн газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталсан. Үүний хүрээнд умайн хүзүүний хавдраас сэргийлэх хүний папиллома вирус (ХПВ)-ийн эсрэг вакцинд товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдийг хамруулахаар болсон билээ. Дархлаажуулалтыг ирэх аравдугаар сараас эхлүүлэх гэнэ. Бэлтгэл ажилтай холбоотойгоор ХСҮТ, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд өчигдөр хуралдсан юм. Манай улсад ДЭМБ дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Олон улсын вакцины холбоо (ГАВИ)-ноос уг вакциныг нэвтрүүлэх ажилд 2.6 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэнэ. Уг санхүүжилтийн нэг сая ам.долларыг ДЭМБ, үлдсэн 1.6 сая ам.долларыг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан зарцуулах ажээ. ДЭМБ-аас баталгаажуулсан, Бельги болон Английн “Merck” үйлдвэрийн дөрвөн цент вакциныг хүлээн авсан талаар албаныхан мэдээлэв.
Манай улсад өнгөрсөн онд 7244 хүн хавдраар өвдөж, 4556 иргэн нас баржээ. 2040 он гэхэд хорт хавдрын өвчлөл, нас баралт 96 хувиар нэмэгдэх тооцооллыг ДЭМБ гаргаад байна. Монгол эмэгтэйчүүдийн хувьд умайн хүзүүний хавдрын өвчлөл хоёрдугаарт бичигддэг. Эл хавдраар өвчлөгсдийн 52.9 хувь нь эрт, 47.1 хувь нь хожуу шатандаа эмнэлэгт ханджээ. ДЭМБ-аас 15 хүртэлх насны бүх охидыг ХПВ-ийн эсрэг дархлаажуулалтад 90 хувь, 35, 45 насны эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хавдар илрүүлэх шинжилгээнд хамруулж, эмчлэх зорилт тавиад буй.
Папиллома вирус эрэгтэй, эмэгтэйчүүдийн аль алинд нь халдварладаг. Өвчлөл үүсгэхдээ эмэгтэйд умайн хүзүүний хавдраар илэрдэг аж. Харин эрэгтэйчүүдэд шулуун гэдэс, шодой зэрэг эрхтэнд хавдар үүсгэдэг гэнэ. Тиймээс хүүхдүүдийг бага насанд нь вакцинд хамруулснаар хавдрыг эрс бууруулахыг мэргэжилтнүүд зөвлөж байгаа билээ. Тухайлбал, Швед улс дархлаажуулалтад хамрагдсан эмэгтэйчүүдийг вакцин хийлгээгүй хүн амтай харьцуулж, 10 жилийн дараах нөхцөл байдлыг судалжээ. Ингэхэд 9-16 насны охидод ХПВ-ийн эсрэг вакцин хийлгэснээр умайн хүзүүний хорт хавдрыг 88 хувиар бууруулсан үр дүн гарсан байна.
Ч.БОЛОР