Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын хувьд ажил, амьдралын гараагаа эхлэх, мэргэжлээ сонгох чухал цаг үе нь ирээд байгаа билээ. Элсэлтийн шалгалтыг ирэх сарын 4-7-нд зохион байгуулна. Одоогоор 36 мянга орчим шалгуулагч бүртгүүлжээ. Сурагчдад туслах зорилгоор Боловсролын үнэлгээний төвийнхөн сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөс гадна хичээл тус бүрээр зөвлөмж хүргүүлж буй аж. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд авсан элсэлтийн шалгалтын материалыг хэрхэн ажиллах талаар мэргэжлийн багш нарын заасан хичээлийг Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд байршуулжээ. Одоогоор түүх, нийгэм, монгол хэл, англи хэл зэрэг хичээлийг байршуулсан байна. Түүнчлэн ажил, мэргэжлээ сонгоход дэмжлэг үзүүлэх цуврал зөвлөгөө хүргэж буй. Сурагчид тухайн мэргэжлийн нэр хүнд, “харагдах байдал”-д нь тулгуурлах, бусдын нөлөөнд автах, бодит бус мэдээлэлд үндэслэх зэргээр мэргэжлээ сонгохдоо алддаг гэнэ. Хүүхдүүдийн 81 орчим хувь нь мэргэжлээ сонгохдоо эцэг, эхийнхээ зөвлөгөөг дагадаг гэжээ. Дараа нь найз нөхөд, ангийн багшийн зөвлөгөөг чухал гэж үздэг аж. Багш нар сурагчдын мэргэжил сонголтод чухал нөлөөтэйг мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, хүүхдийн сонирхол, ур чадвар, үнэт зүйл, зан төлөв, мэргэжлийн чиг баримжаа тодорхойлох тестийг багш нар эзэмшиж, ангийнхаа хүүхдүүдэд туршиж үзэх нь нэн чухал гэнэ.