Сүүлийн жилүүдэд Монголын кино урлагт онцгой, “анхны” гэх тодотголтой үйл явдал цөөнгүй тохиожээ. Амьсгаа дарам дүрслэл, өгүүлэмжтэй, сэтгэл сэвсэлзүүлсэн “Сэр сэр салхи” кино их гэгээн мөртэй. 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын “Оризонти” хэсэгт шалгарч, шилдэг эрэгтэй гол дүр, “Asian Film Awards 2024” наадмын шилдэг шинэ жүжигчний шагнал хүртсэн Б.Тэргэл уг бүтээлээр овоглодог. Тэр яг цагтаа гарч ирсэн. Ингээд уншигч танд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Одоогоос хоёр жилийн өмнө “Улаанбаатар” олон улсын кино наадамд “Есдүгээр сарын цас” киног үзсэнээр найруулагч П.Лхагвадуламтай танилцаж байлаа. Тэрбээр тухайн үед бөө хүүгийн тухай кино хийх гэж буй талаараа ярьж байсан. Нэг уран бүтээлд хамтран ажилласны хувьд П.Лхагвадулам найруулагчийн онцлогийг хэрхэн тодорхойлох вэ?
-“Есдүгээр сарын цас” киног үзээгүй л дээ. “Сэр сэр салхи”-аас өмнө би хэд хэдэн кинонд ажиллаж байсан. Найруулагч П.Лхагвадулам ямар эмоци, мэдрэмж гаргамаар байгааг асууж, түүнийгээ л чөлөөтэй илэрхийл гэдэг. Өөрөөрөө ажиллах орон зайг жүжигчиндээ олгодог нь маш их таалагдсан. Бас тэр ерөөсөө уурладаггүй (инээв). Киноны текст, сценүүдийг найруулагчтайгаа зөвлөлдөн шинэчилж, сольсон тохиолдол бий. Эх зохиолоо бага зэрэг өөрчилсөн гэсэн үг.
-Бараг л дахин шинэчилсэн гэж үү?
-Мэдээж эх зохиолын утга санааг тэс өөр болгосон гэсэн үг биш л дээ. Харилцан яриаг нь ярианы хэлбэр лүү хувиргаж, зураг авах орчныг бага зэрэг өөрчилсөн юм.
-Яагаад кино зохиолоо бүтэн уншаагүй юм бэ?
-Анхнаасаа надад зохиолыг бүтнээр нь өгөөгүй. Энэ нь ч найруулагчийн онцлог. Зохиолоо бүтэн уншлаа ч юмс өөрчлөгдөхгүй байсан болов уу. Бүтнээр уншчихвал дүрийнхээ тухай төсөөлөлтэй болчихно гэж найруулагч бодсон байх. “Сэр сэр салхи”-ийн Зэгийн дүрийг бүтээхэд надад тийм ч хүнд байгаагүй. Гэхдээ л надаас тэс өөр дүр. Харин бөөлж сурах нь хамгийн хэцүү байсан. Учир нь бөөгийн бэлтгэл зохиолтой хамаагүй.
-Зохиолоо бүрэн уншаагүй нь магад оносон байх?
-Өмнө нь би зураач, зураглаач, туслах дүрээс эхлээд зохиолыг бүтэн унших шаардлагагүй ажил хийж байсан л даа. Оносон гэж хэлж чадахгүй ч илүү чөлөөтэй жүжиглэсэн болов уу.
-“Сэр сэр салхи” киноны сонгон шалгаруулалтад таныг санамсаргүйгээр оролцсон гэж сонссон.
-Түүнээс гадна тэнцсэн нь ч маш санамсаргүй тохиолдол байсан. Зэгийн дүрийг хоёр жил гаруй хугацаанд хайсан юм билээ. Тиймээс кино багийнхан намайг “Яг л Зэгийн дүр байна” гээд маш гоё хүлээж авсан.
-Урлагт олон төрөл бий. Яагаад заавал кино гэж?
-Би зурагтаар хүүхэлдэйн кино үздэг л хүүхэд байсан. Кино үзэх маш дуртай. Үйл явдлыг нь ойлгохгүй мөртлөө жүжигчнийг нь хэрхэн жүжиглэж буйг түлхүү үздэг. Аав, ээж хоёр эхэндээ намайг эмч болгоно гэдэг байсан. Гэвч би химийн хичээлдээ үнэхээр муу. Аав тухайн үед надад “Манай удамд жүжигчин байхгүй дээ. Худлаа болов уу” гэж байсан юм. Юутай ч оролдоод үзье гэж шийдсэн. СУИС-д сурна гэсэн бодолтой болж, ахлах ангиа төгсөөд элсэх гэтэл ур чадварын шалгалт авах цагаас нь хоцорчихсон. Ахлах ангид байхдаа өөрийгөө сорьж үзье гээд хамгийн анх “Тал нутгийн зомби” киноны арын албанд ажилласан юм. Хотод нэг сар, хөдөө 45 хоног, нийт гурван сар зураг авсан л даа. Маш хүнд санагдаж байв. Дундаас нь шантрах бодол олон удаа төрсөн. Гэхдээ жүжигчдийг нь маш их анзаарч, тэдэнтэй ойр ажилласнаар багагүй туршлага хуримтлуулсан. Тийм ч учраас шантраагүй байх. Үүний дараа “Molpedia”-гийн “Молко” уран сайхны кинонд ажиллах үедээ продюсер М.Аззаяатай танилцсан юм. Тэрбээр надад “Сэр сэр салхи” киноны Зэгийн дүрийн шалгаруулалтад оролцохыг зөвлөсөн нь энэ бүхний эхлэл байлаа. Киноны зураг авах үед хамт олон болж ажиллаад эцсийн уран бүтээлээ үзэх үе хамгийн гоё. Тэгээд л кинонд бүр илүү дурлачихсан.
-Жүжигчний хөдөлмөрийг хялбар хэмээн үздэг ойлголт байдаг шүү дээ.
-Өмнө нь киноны арын албанд ажиллах үедээ жүжигчнээ жүжиглэж чадахгүй байгааг хараад олон хүний хөдөлмөрийг үнэгүйдүүллээ гэж боддог л байсан. Гэхдээ өөрөө гол дүрд ажилласны дараа амаргүйг нь ойлголоо. Тэнд бүгд л адилхан хөдөлмөрлөж байгаа. 40 градусын хүйтэнд үүрээр уулан дээр бөөлдөг хэсэг бий. Эргэн тойрны цасыг нь шүүрдээд хавар, намрын орчин бүрдүүлж зураг авсан. Тэр үед миний чих хөлдчихсөн байсан.
-Кинонд тоглоход гэр бүлийнхний зүгээс эсэргүүцсэн үү?
-Үгүй. 10 жилийн ангийхан маань төгсөх гээд мэргэжил, шалгалтаа өдөр, шөнөгүй бодож байхад би эсрэгээрээ байсан. Тийм учир аав, ээж шийдчихсэнийг маань анзаарсан болов уу. Мөн намайг хэд хэдэн удаа кинонд ажиллахдаа шантраагүйг харсан. Кино хөөгөөд хичээлээ таслахаар ангийн багш уурлана. “Энэ ажлаа төгсөөд хий” гэж их хэлсэн л дээ. Би ч үүнийг нь тоолгүй хичээлийнхээ үеэр “Хавтаст хэрэг” кинонд ажиллахаар явчихсан. Хэнд ч хэлээгүй. Зураг авах талбайд очоод 14 хонож байхад багш утсаар яриад “Арай дэндлээ шүү. Энэ байдлаараа хичээлдээ ирэхгүй бол төгсөх боломжгүй” гэж байлаа. Үүний дараа эцэг, эх маань “Чи эхлээд сургуулиа төгс” гэхэд үгэнд нь орсон. Сургуулиа төгсөөд завсарлага авсан байхдаа “Сэр сэр салхи”-д тоглосон юм.
-“Сэр сэр салхи” киноны нүргээн харьцангуй намжлаа. Энэ бүхний дараа киногоо үзэх үед таны бүтээсэн дүр сэтгэлд тань хэр нийцэж байна вэ?
-“Сэр сэр салхи”-ийг ганцаараа ер үзээгүй. Үргэлж хүмүүстэй хамт үзсэн. Нөгөө талдаа үзэж буй хүний сэтгэгдлийг сонсож, хувирлыг нь харах гээд. Ганцаараа үзвэл ихийг бодох байх. Киноны нэг хэсэг миний амьдралд өмнө нь тохиолдож байсан үйл явдалтай их адилхан. Зэ өвөөтэйгөө гудамжинд таараад түүнийг дуудтал эргэж харалгүй явчихдаг шүү дээ. Гэртээ очтол өвөө нь өнгөрсөн байдаг. Яг ийм байдлаар би өвөөгөө алдсан. Өвөө маань Баянзүрхийн зусланд хамаатны хүүхэдтэй цуг байсан юм. Тэр үед би ээж, аавтай хамт байснаа яагаад ч юм өвөө рүүгээ очмоор санагдаад, автобусанд суугаад явсан. Одоо бодоход өвөө маань намайг дуудсан гэж боддог. Гэрт ортол “Сэр сэр салхи” киноны хэсэгт гардаг шиг орон дээрээ хэвтээд өнгөрсөн байсан. Намайг гэр лүү орохоос 15 минутын өмнө хамаатны хүүхэд өвөөд цай аваачиж өгөхөд зүгээр байсан гэсэн. Тэр явдал надад маш хүнд туссан.
Киноны зураг авч байх үед багийнхныхаа ажлыг алчих вий гээд маш их санаа зовж байлаа. Найруулагчтайгаа энэ тухай ярилцахад өөрийн эрхгүй нулимс цийлэгнээд ирсэн. Тэгээд л шууд зураг авсан. Хэвтэж байгаа өвөөгөө хараад л тэвчихгүй уйлчихсан.
-Авьяас гэдэг өдөөгддөг зүйл ч байж магадгүй юм. Гэхдээ авьяас гэдэг аз биш биз дээ?
-Шагнал авсны дараа намайг авьяастай биш, азтай гэж их ярьсан. Эхэндээ гомддог л байлаа. “Энэ нөгөө шагнал авсан азтай бацаан” гээд л. Энд тэнд хүмүүстэй уулзахад авьяастай гэж хэлсэн хүн их ховор байв. Эсвэл өөрийнхөөрөө хөөрхөн тоглосон байна лээ гэнэ. Уг нь Зэгийн дүр надаас тэс өөр. Зэ чимээгүй, ноомой, хичээлдээ шамддаг хүүхэд бол би тийм биш. Маш нийтэч, яриасаг, хөгжилтэй хүн. Би өөрөөсөө өөр дүр бүтээсэн л гэж боддог. Уг нь шагнал авчихсан атлаа яагаад буруутай юм шиг санагдаад байгаа юм бол гэж бодсон. Одоо энэ бүхнийг тоохоо больсон. Ирэх цаг хугацаа л бүхнийг харуулах болов уу.
-Энэ хандлага салбар бүрд л бий байх. Магад мөн чанарын асуудал ч юм шиг. Монголд уран бүтээлчийг цолоор л үнэлдэг нь худлаа биш. Зарим жүжигчний хүсээд ч авч чадахгүй шагнал гэдэг нь үнэн шүү дээ.
-Ойр дотнынхон, уран бүтээлч ах, эгч нар минь намайг тэнгэрлэг бай гэдэг. Гэхдээ би хүртсэн шагналаа том гэж бодоод, ханачихаагүй.
-Монголын кино урлаг тайз, дэлгэцийн жүжиглэлттэйгээ холилдсон мэт санагддаг. Дэлгэцийн уран бүтээлд тоглож буй атлаа тайзан дээр байгаа юм шиг л. Хүчтэй эмоци, уйлаан, хашхираангүйгээр сайн жүжиглэж болдог юм байна гэж кино үзэж суухдаа бодож байлаа.
-Кинонд ажиллахад бусдыгаа үл хүндэлсэн жүжигчидтэй олон таардаг. Театраас дүрд тоглох, уран бүтээлчээр ажиллах саналууд ирсэн.
-Дэлхий нийт гял цал зүйлээс хэдийн залхсан юм шиг. Олон кино наадамд оролцсоны хувьд та үүн дээр юу хэлэх вэ?
-Санал нийлнэ. Венецийн кино наадамд оролцох гээд Италид очсон байхад гудамжинд таарсан хүмүүс “City of Wind” гээд зургаа авхуулж, гарын үсэг зуруулж байхад их гоё санагдсан. Кино наадамд оролцохоор очсон улс бүрээсээ яг л ийм мэдрэмж авдаг. Харин Монголд ирсэн чинь нэг ч тийм зүйл байгаагүй. Таньсан ч, таниагүй ч муухай харах, ёжлохтой зөндөө л таарлаа. Монгол Улсдаа гэм хор хийчихсэн юм шиг. Харин “Хан гарьд” кино наадамд оролцох үеэр жүжигчин Д.Баттөмөр “Миний дүү мундаг байсан. Илүү ихийг хийнэ шүү” гээд тэврэхэд надад маш гоё санагдсан. Батаа ах шиг хандлага гаргасан хүн их цөөн. Нуулгүй хэлэхэд олны танил болох хүсэл бол бий.
-Олны танил болно гэдэг хэлбэр талын зүйл биш үү. Жүжигчин Б.Тэргэл зөвхөн олны танил болох гэж зүтгэвэл агуулга, хэлбэр зөрчилдөх болов уу?
-Би олны танил болохыг хүсэж байгаа ч хэт хичээхгүй.
-Кино урлагаар зарим үед үгээр илэрхийлэгдэшгүй зүйлийг дүрслэх нь бий. Монгол кинонд метафор байхгүй, найруулга, тайлал нь ил санагддаг. Ингэснээрээ бурууддаг юм шиг.
-Санал нийлнэ. Энэ жирэмсэн болчихлоо доо, за энэ үхлээ гээд дийлэнх нь ойлгомжтой. Киногоо өөрсдөө тайлбарлаад өгчихдөг. “Сэр сэр салхи”-ийг үзсэн дийлэнх хүн намайг Маралаатай дахиж уулзаад, хүүхэдтэй болж, амар сайхан жаргахыг хүсээд байдаг. Хоёрдугаар анги хүсдэг ч гэх юм уу. Уг нь Маралаа Солонгосоос ирээд автобусанд ээжтэйгээ явж байхад Зэтэй тааралддаг хэсгийн зургийг найруулагч авсан. Гэхдээ киног наадамд өрсөлдүүлэхэд заасан хугацаа нь хэтэрсэн тул хасчихсан юм билээ.
-Ямар жүжигчнийг сайн гэж тодорхойлох вэ?
-Дүрээ амилуулж чаддаг гэж хэлэхгүй. Хүн ямар төрлийн кинонд тоглох нь өөрийн дүр төрхөөс хамаардаг шүү дээ. Романтик хайрын, адал явдалт, хошин гэх мэт. Олон тийшээ үсчээд байдаггүй нэг л төрлөөрөө дагнасан жүжигчин маш гоё. Нэг характераа барьж чаддаг бол сайн жүжигчин болов уу. Монголын олонх жүжигчин хайрын кинонд тоглочихмоор царайлаг шүү дээ.
-Зэгийн ангийн багш нь “Та нар битгий хуц” гэхэд хүүхдүүд ноход шиг хуцалддаг. Тэр их гоё хэсэг шүү.
-Тийм зориг гаргаж чадах анги байхгүй байх аа.
-Том болох үйл явц тэр чигтээ зөрчилдөөн, эргэлзээ дунд байдаг юм шиг. Та том болсон уу?
-Би өөрийгөө том болсон гэж боддоггүй. Хүн туулсан амьдралынхаа туршид л намба суудаг байх. Дотроо бол бүгд хүүхдээрээ.
-Үзэгчдээс онцгой, содон сэтгэгдэл хэлсэн тохиолдол бий юү?
-Ихэнхдээ таньдаг хүмүүсээс сэтгэгдэл ирнэ. Маралаатай клубт шоудаж байхад Зэгийн бие эвгүйрхээд дээшээ хараад хэвтдэг хэсгийг хүмүүс их онцолдог. Онгод нь үг шивнээд л. Тэр сцений үед гэрэл өнгө өнгөөр солигддог.
-Та ямар кинонд тогломоор байна вэ?
-Түүхэн кинонд тоглох хүсэлтэй. Тэгж горьдоод үсээ ургуулж байгаа.
-Ингээд эргэлт, буцалтгүй жүжигчин болох замнал руугаа орсон биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Өөр бүтээлээр дахин “тэсрэх”-ийг хүсэж байна.
Бэлтгэсэн Д.Хүсэл