Хүүхэд эцэг, эхээ сонгож төрдөггүй. Үүн шиг өөрийн бус, шүүхийн шийдвэрээр эцэг, эхээсээ хол өсөж буй хүүхэд ч цөөнгүй байна. Энэ тохиолдолд хүүхдийн эрх хэрхэн зөрчигддөг талаар Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн Ж.Хунантай ярилцлаа.
-Эцэг, эх байх эрхийг ямар тохиолдолд хасдаг юм бэ?
-Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан хүний энэ эрхийг шүүх хасаж болно гэж Гэр бүлийн тухай хуульд заасан. Эцэг, эх байх эрхийг хасах зохицуулалт аль ч нийгэмд байдаг. Зарим тохиолдолд төр хүүхдийг эцэг, эхээс нь хүртэл хамгаалах шаардлага гардаг. Учир нь тухайн эцэг, эх хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд өртүүлэх, эрсдэлтэй нөхцөлд байлгах, хүчирхийлэх, архи, мансууруулах бодисоос хамааралтай байх зэргээр эрх ашгийг нь зөрчиж буй тохиолдол бий. Тиймээс тухайн хүүхдийг аюулгүй газар байлгах, хамгаалалтад авах шаардлага үүсдэг. Үүнийг хүүхдийг эцэг, эхээс нь хамгаалах шаардлага гэж байгаа юм.
18 нас хүрээгүй хүүхдийн өмнө насанд хүрсэн иргэн бүр, мөн төр засаг үүрэг хүлээнэ. Ийм насны хүүхдүүд эрх зүйн чадамжгүй, эсвэл хязгаарлагдмал байдаг. Төр хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүргийг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Үндсэн хуулиар хүлээдэг.
Хүүхдээ өөрийн өмч мэт ханддаг эцэг, эх цөөнгүй байна. Өөрийн өмч гэхээр зарим хүн ойлгохгүй байх. Өөрөөр хэлбэл, хүүхдээр гуйлга гуйлгах, хулгай хийлгүүлэх, хууль бус зүйлд татан оролцуулах зэрэг нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашиглаж буй хэлбэр юм. Өвлийн тэсгимд хүүхдүүдээ хараа хяналтгүй үлдээсэн явдал гарсан. Энэ мэт тохиолдолд тухайн дүүрэг, аймаг, сум, хорооны Засаг даргын дэргэдэх хүүхэд хамгааллын хамтарсан баг болон нийгмийн ажилтан зэрэг хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэгтэй холбогдох ажилтнууд цагдаа, шүүхийн байгууллагад хандаж, эцэг, эх байх эрхийг нь хасуулж болдог. Энд нэг зүйлийг тодотгож хэлмээр байна. Хэрэв таны эргэн тойронд үл хайхрах хүчирхийлэлд өртдөг, хараа хяналтгүй, эрсдэлтэй орчинд амьдарч буй хүүхэд байвал хууль хяналтын байгууллага болон хамтарсан багт заавал хандаарай. Учир нь би түрүүн хэлсэн, 18 нас хүрээгүй хүүхдийн эрхийг хүн бүр хамгаалах үүрэгтэй гэж. Тиймээс нэг ч гэсэн хүүхдийн эрхийг хамгаалах нь та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж буй хэлбэр юм шүү.
-“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл”-д хагас, бүтэн өнчин хүүхдийн асуудлыг тусгайлан тусгаж, аав, ээж нь эцэг, эх байх эрхээ хасуулсан хүүхдүүдийн талаар хөндсөн байна лээ. Ийм шалтгаанаар эцэг, эхээсээ тусгаарлагдсан хэчнээн хүүхэд байна вэ?
-2019-2023 оны хооронд гарсан шүүхийн 28 шийдвэрт ХЭҮК дүн шинжилгээ хийсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн мэдээгээр энэ хугацаанд 101 иргэн эцэг, эх байх эрхээ хасуулсан байна. Үүний цаана хэдэн хүүхэд эцэг, эхээсээ тусгаарлагдсаныг хэлэх боломжгүй байгаа юм. Учир нь Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас дээрх хугацаанд аав, ээж нь эцэг, эх байх эрхээ хасуулсан 90 хүүхэд байна гэдэг мэдээллийг бидэнд өгсөн. Энэ тоо яг бодитой байж чадах уу гээд асуувал, үгүй байх магадлал тун өндөр. Учир нь нэг айлын 2-3 хүүхэд байхыг үгүйсгэхгүй. Ингээд тооцвол 90-ээс олон тоо гарах магадлалтай. Мэдээлэл зөрүүтэй байгаа шалтгаан нь энэ талаарх нэгдсэн сан улсын хэмжээнд алга.
ХЭҮК-оос мэдээллээ зөв гаргаж өгөхийг холбогдох байгууллагуудаас нь шаардаж, зөвлөмж хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, эцэг, эх байх эрхээ хасуулсан 101 иргэний цаана дор хаяж 101 хүүхэд байх ёстой. Гэтэл Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас 90 хүүхэд бий гэж хэлсэн. Тэгэхээр 11 хүүхэд нь хаана байна вэ.
Мэдээлэл зөрүүтэй учраас дараагийн ажил нь үр дүнтэй, эсэхэд эргэлзэхээс аргагүй. Статистик мэдээгээ зөв бүрдүүлж, нэгтгэж, нягталж, хянаж чадаагүйгээс болж хүүхдийн эрх зөрчигдөх эрсдэл үүсгэдэг. Энэ бол маш ноцтой. Хүүхдийн асуудалд ингэж хайнга хандаж болохгүй. Ялангуяа эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний хүүхдүүдийг асрамжийн төвд шилжүүлсэн тохиолдолд төрийн байгууллагынхан маш нухацтай, хариуцлагатай хандах шаардлагатай.
-Эцэг, эх байх эрхээ хасуулсан тохиолдолд хүүхдийг нь бүтэн өнчин гэж үзэх эрх зүйн зохицуулалтын талаар та тайлбарлаж өгөөч?
-Нийгмийн халамжийн тухай хуульд “Эцэг, эх нь тогтоогдоогүй, эсвэл хоёулаа нас барсан, сураггүй алга болсон, эрх зүйн чадамжгүй болсон, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд 18 нас хүртэлх насны хүүхдийг бүтэн өнчин гэж үзнэ” гэж заасан. Нэмээд эцэг нь тодорхойгүйн улмаас эхтэйгээ амьдарч байгаад ээж нь нас барсан, гэр бүл салсны улмаас асрамжиндаа авсан эцэг, эхийн аль нэг нь нас барсан тохиолдолд мөн адил тухайн хүүхдийг бүтэн өнчин гэж үзэх юм. Тэгэхээр эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан болон хасуулсан иргэний хүүхдийг бүтэн өнчин гэсэн ангилалд хамааруулж байгаа бол халамж олгох тухай ярина. Эцэг, эх байх эрхийг нь хассанаар тэжээн тэтгэх үүрэг нь төрд ногдож байна. Төр энэ үүргээ заавал биелүүлэх ёстой.
-Гэтэл тэдгээр хүүхэд улсаас тэтгэмж авдаггүй гэлүү?
-Шүүхийн 28 шийдвэрийг харахад зөвхөн ганцхан тохиолдолд л хүүхдийн тэтгэмж тогтоолгох асуудлыг дурдсан байна. Өөрөөр хэлбэл, эцэг, эх байх эрхээ хасуулсан хүнээс тэтгэмж гаргуулж хүүхдэд нь өгөх талаар дурдаагүй. Мөн хүүхдийн мөнгийг нь хэн авах талаар шийдвэртээ тусгаагүй байсан. Тиймээс эцэг, эх байх эрхээ хасуулсан тохиолдолд хүүхдийн мөнгийг нь хэрхэн олгох, мөн эрхээ хасуулсан эдгээр иргэнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлыг шүүх шийдвэрлэх ёстой. Түүнчлэн хүүхдэд ногдох хөрөнгийг хэн захиран зарцуулах вэ, тэтгэмж, тэтгэлгийг нь хэрхэн олгох гээд бүх асуудлыг шүүх цогцоор нь харах ёстой.
Нөгөөтээгүүр, эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний хүүхдийг бүтэн өнчин гэж үздэг атлаа халамжийн мөнгө олгохгүй байна. Зөвхөн эцэг, эх нь нас барсан тохиолдолд халамж олгодог. Тиймээс эцэг, эх нь эрхээ хасуулсан, эсвэл сураггүй алга болсон хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж олгох нь зүйтэй.
-Эрхээ хасуулсан хүний хүүхдийг асрамжийн төвд шууд шилжүүлдэг юм уу?
-Эцэг, эхийн аль аль нь эрхээ хасуулсан тохиолдолд асрамжийн төвд шилжүүлнэ. Хэрэв аль нэг нь эрхээ хасуулсан бол эрхээ хадгалж үлдсэн иргэн нь хүүхдээ харгалзаж, халамжилна. Гэхдээ энэ асуудлыг хуулийн хүрээнд бүрэн шийдээгүй, мэдээлэл нь бүрхэг байна. Шүүхийн шийдвэрийг нэгбүрчлэн харж байж энэ мэдээллийг тодруулах боломжтой. Гэтэл хийхгүй байна.
-Энэ ажлыг хэн хийх ёстой юм бэ?
-Эцэг, эх байх эрхийг нь хассан талаарх шүүхийн шийдвэрийн мэдээллээ бүртгэлийн байгууллагад явуулах ёстой. Гэтэл улсын бүртгэлийн байгууллагад энэ талын мэдээлэл огт алга.
-Шүүхийн шийдвэрээр эцэг, эх байх эрхээ хасуулсан хүмүүсийн цаад шалтгаан нөхцөл нь юу байдаг юм бол?
-Асрамж, халамжийн төв дэх 179 хүүхдээс ХЭҮК санал асуулга авсан юм. Тэдний 36 хувь нь эцэг, эх асран хамгаалагч нь архины хамааралтайн улмаас асрамжийн төвд ирсэн, харин 17 хувь нь аав, ээж нь нас барсан, дөрвөн хувь нь эцэг, эх нь асран хамгаалах эрхээ хасуулсан гэдэг шалтгаантай байсан.
Шүүхийн шийдвэрээс харахад, 28 шийдвэрийн 13 нь хүүхдээ хүчирхийлсэн учир эцэг, эх байх эрхийг нь хассан гэдэг үндэслэл байсан. Эдгээр иргэн бүгдээрээ шахуу согтууруулах ундааны хамааралтай гээд бод доо. Үлдсэн 10 тохиолдол нь хүүхдээ орхиж явсан, тав нь хүүхдээ бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртүүлж, үл хайхарсан гэсэн үндэслэлээр шүүхээс эцэг, эх байх эрхийг нь хассан.
-Асрамжийн төвд бүртгэлгүй, хэний хараа хяналтад байгаа нь тодорхойгүй 2707 хүүхэд бий гэж та өмнө нь мэдээлсэн. Эдгээр хүүхдийн эрхийг хэн, хэрхэн хамгаалах вэ?
-Тухайн дүүрэг, аймаг, сум, хорооны Засаг дарга нь хуулийн дагуу хүүхдүүдийг бүртгэх ёстой. Хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх ажлыг Засаг даргаар ахлуулсан хамтарсан багийнхан гүйцэтгэх учиртай. Бүтэн өнчин хүүхдийн асран хамгаалагчийг томилох нь Засаг даргын бүрэн эрхийн асуудал. Нэг ч хүүхэд асран хамгаалагчгүй үлдэж болохгүй.
Нэг үгээр хэлбэл, Засаг даргын захирамж, эсвэл шүүхийн шийдвэрээр тухайн хүүхдийг хэн нэгний асрамжид үлдээдэг. Энэ ажлыг Засаг дарга нар хийхгүй байна. Шүүхийн шийдвэрээр асрамжийн төвд очсон 204 хүүхэд бий. Бусад хүүхэд яасан нь мэдэгдэхгүй байна. Улсын хэмжээнд бүтэн өнчин 2911 хүүхэд байна гэсэн тайлангийн мэдээтэй. Тэдний 204 нь асрамжийн газар байгаа бол үлдсэн 2707 хүүхэд хэний асрамжид байна вэ. Тэдний өмнө хэн хариуцлага хүлээх вэ. Сурч боловсрох, эрүүл, аюулгүй, хүчирхийллээс ангид орчинд амьдрах эрх нь хангагдаж байна уу. Энэ мэдээлэл тодорхойгүй учраас хүүхдийн эрх зөрчигдөж байж болзошгүй. Үндэсний статистикийн хорооныхонтой уулзаж, мэдээлэл авах үеэр хүүхдүүдийг регистрийн дугаараар нь бүртгэж, бүтэн, өнчин, эсэхийг нь хянана гэсэн.
-Мөн бүтэн өнчин хүүхдийн эд хөрөнгөтэй холбоотой асуудал маргаан дагуулдаг юм байна. Үүнийг тодруулахгүй юу?
-Ээж, аав нь гэнэтийн ослоор нас барсны улмаас асрамжийн газар очсон хүүхэд өмч хөрөнгөтэй байсан. Гэвч түүнд ногдох эд хөрөнгө нь хэрхсэн, эсэх нь тодорхойгүй байх тохиолдол нийтлэг. Санал асуулгад оролцсон 179 хүүхдийн 11 хувь нь өмч хөрөнгөтэй байсан, 73 хувь нь мэдэхгүй гэж хариулсан. Гэтэл Засаг даргын захирамжийг шинжилж үзэхэд, хүүхдийг асрамжийн төвд хуваарилснаас өөрөөр өмч хөрөнгөтэй, эсэхийг тэмдэглээгүй байгаа юм. Энэ маш учир дутагдалтай, буруу ажил. Гэр бүлийн дундын өмч гэдэг гишүүн тус бүрд тэнцүү ногдох ёстой. Тэгэхээр өмчтэй байх хүүхдийн эрх давхар зөрчигдөж байна гэсэн үг.
-Эцэг, эх байх эрхийг ямар хугацаанд хасдаг вэ. Эргэж сэргээлгэх боломжтой юу?
-“Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан хүний эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар шүүх хязгаарлаж болно” гэж Гэр бүлийн тухай хуульд заасан байдаг. Харин эцэг, эх байх эрхийг хасах тухайд тодорхой хугацаа заадаггүй.
Тухайн шалтгаан нөхцөлийг арилгасны дараа эцэг, эх байх эрхээ сэргээлгэх хүсэлт гаргах хуулийн зохицуулалт бий. Хамтарсан багийнхан нөхцөл байдлын дүн шинжилгээ, үнэлгээ хийж гэр бүлийг нэгтгэх асуудлыг ярих ёстой. Нөгөө талаас 2019-2023 онд гаргасан шүүхийн 28 шийдвэрээс харахад ганц ч аав, ээж энэ эрхээ сэргээлгэх хүсэлт гаргаагүй байна. Харамсалтай.
-Харин хүүхдүүд эцэг, эхтэйгээ байх хүсэл, сонирхолтой болов уу?
-Хэдийгээр аав, ээж нь тарчлаан зовоосон ч хүүхэд эцэг, эхтэйгээ л хамт байхыг хүсдэг юм байна. Ярилцах явцад аав, ээжтэйгээ байхыг хүссэн хүүхэд цөөнгүй байсан.
-Эцэг, эх байх эрхийг хасах нь хүүхдийг хамгаалж буй шийдэл биш. Харин аав, ээжийг нь нийгэм шүүлж, гэр бүлийг хамтад нь байлгах нь зөв гэдэг. Хүний эрх хамгаалагчийн хувьд та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Эцэг, эх байх эрхээ хасуулсан иргэдийг нэг удаагийн сургалтад суулгаж, архины эмчилгээнд явуулаад л орхичихдог. Энэ нь буруу. Хүүхдийг хүчирхийлэлтэй орчноос холдуулж, төр хамгаалалтдаа авч байгаа ч буцаагаад гэр бүлийнхэнтэй нь нэгтгэх ажлыг хийх ёстой. Харамсалтай нь, дээр хэлсэнчлэн энэ ажил орхигдсоор ирсэн. Өөрөөр хэлбэл, эцэг, эх байх эрхээ хасуулсан хүмүүстэй өдөр бүр,ядаж долоо хоног тутам тогтмол ажиллаж, нийгэмшүүлэх, сэтгэл зүйн заслын ажлыг тасралтгүй хийх ёстой. Цаашлаад мэргэжил боловсрол олгох, ажилтай, орлоготой болгох урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай.
Бид хүүхэд нэгдүгээрт гэж ярьдаг. Гэвч бодит байдалд хүүхдийн асуудлыг байнга хойш тавьж ирсэн. Ялангуяа бүтэн өнчин хүүхдэд чиглэсэн төрийн бодлого орхигдсон. Асрамжийн төвийн хүүхэд 18 нас хүрээд хаачих нь тодорхойгүй хэвээр байна. Их, дээд сургуульд элссэн хүүхдүүдээс төгссөн нь ховор. Сургалтын төлбөрийг Боловсролын зээлийн сангаас хариуцдаг ч тэтгэлэг өгдөггүй. Тэгэхээр хүүхдүүд ажил хийж амьдралаа авч явахын тулд сургуулиа хаяж, дээд боловсрол эзэмшиж чадахгүй байгаа юм.