Олон улсын шүүгч Б.Даариймаа хилийн дээс алхаж, гадаадын тэмцээн цөөнгүй дэнсэлсэн. Тухайлбал, Бразилын Сан Паула хотод өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон дэлхийн нэр хүндтэй тэмцээний нэг ‘’Арнольд классик” хүчний фестивалийн модон барилдааны төрлийг нөхөр С.Тэлмэнгийн хамт тивээ төлөөлөн анх удаа шүүж, Монголын модон барилдааны спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээв. Тэндээс ирснийхээ дараахан Узбекистаныг зорьж, Нукус хотод зохион байгуулсан Азийн АШТ-д талбайн шүүгчээр ажилласан юм. Тэгвэл өнгөрсөн жил тус улсын Хива хотод хөл тавьж ДАШТ, мөн ОХУ-ын Башкортостанд болсон олимпын бус дэлхийн топ спортуудын олон улсын анхдугаар фестивалийг шүүж, туршлага чамгүй хуримтлуулсан билээ. Ур чадвараараа Азийн чансаа өндөр шүүгчдийн бүрэлдэхүүнд багтдаг түүнийг зочноор урилаа.
-Бразилд хөл тавиад Сан Паула хоттой танилцсан анхны өдөр дахин зочлох хүсэл төрүүлэв үү?
-Миний хувьд энэ жил модон барилдааны дотоод, гадаадын тэмцээн шүүж, тун завгүй байна. Тус улсын Сан Паула хотыг өнгөрсөн дөрөвдүгээр сард нөхөр С.Тэлмэнгийн хамт зорин “Арнольд классик” хүчний фестивалийн модон барилдааны тэмцээнийг дэнсэлсэн минь нэр төрийн хэрэг байлаа. Тэнд өнгөрүүлсэн цаг хугацаа бидний амьдралд мартагдахааргүй таатай дурсамж үлдээсэн. Дээрх фестивальд нөхөр ерөнхий шүүгч, харин би талбайн шүүгчээр ажилласан юм. Улс бүрээс шилдгүүд цуглаж, ур чадвараа сорьсон болохоор өрсөлдөөн ихтэй, өндөр зохион байгуулалттай болсон. Мөн тамирчдад зориулсан үзэсгэлэн худалдаа олны сонирхлыг хамгийн их татаж байлаа.
-Тус тэмцээнийг дэнслэхээр болсныг тань сонсоод тивдээ үнэлэгдэх хэмжээнд хүрчээ гээд бахархаж суулаа.
-Шүүгчид тэмцээн дэнслэхдээ олон зүйл сурдаг. Манайх шүүгчдээ Азид дээгүүр үнэлэгдэх өндөр зэрэглэлтэй бэлдсэн. Монголын тамирчид хойшид уг фестивальд оролцоход эмээх зүйлгүй санагдлаа. Шүүгч ямар ч тэмцээний үед тамирчдын алдааг маш сайн харж ажиллах хэрэгтэй. Миний хувьд олон улсын тэмцээн анх шүүхдээ догдолж сандардаг байсан. Тэмцээн шүүх тусам суралцаж, туршлагаждаг. Гадаадын тэмцээнийг улсаа төлөөлж шүүдэг болохоор нэр төрийг нь унагахгүй өндөрт өргөхийг хичээдэг.
-“Арнольд классик” хүчний фестивалийн дараа Узбекистаныг зорьж, тивийн тэмцээн шүүсэн санагдана.
-Сан Паула хотоос ирснийхээ дараахан Узбекистаны Нукус хотод болсон Азийн АШТ-ийг шүүсэн. Тухайн орон тамирчдаа тэмцээнд олон улс шүүгчтэй оролцуулна гэдэг давуу талтай. Шүүгч үнэн зөв, шударга дэнслэхийг хичээдэг. Гэхдээ манай тамирчдыг шүүхдээ алдаа гаргах вий гэж давхар хянана. Мөн тамирчдадаа алдаа гаргахгүй байхыг зөвлөдөг. Миний хувьд тус улсад хоёр дахь удаагаа хөл тавьсан. Хива хотод өнгөрсөн жил болсон ДАШТ-ийг анх удаа дэнсэлж байлаа. Харин энэ жил Нукус хотод тивийн тэмцээн зохион байгуулсан. Би Азийн АШТ-д талбайн шүүгчээр хоёр дахь удаагаа ажиллалаа. Монгол Улс эх орондоо өнгөрсөн жил Азийн АШТ-ийг анх удаа зохион байгуулсан юм. Тивийн тэмцээнд манай залуус шүүгчээр ажилласан нь хойшид томоохон тэмцээн зохион байгуулах боломжтойг олон улсад харуулсан үйл явдал болсон гэж боддог. Аль ч улсад очсон эх орон минь бүхнээс илүү сайхан санагддаг. Олон улсын тэмцээнд оролцож буй тамирчдын хувьд тухайн улсын цаг агаар, уур амьсгал, орчин нөхцөл нөлөөлдөг. Азийн АШТ-д Монголоос 22 тамирчин оролцож 17 медаль хүртсэн. Үнэмлэхүй жинд манай эрэгтэй, эмэгтэй тамирчин аваргын төлөө өрсөлдөж мөнгөн медаль гардлаа. Монголынхоо зарим тамирчны барилдааныг дэнслэхдээ үүрэг хариуцлагатай, алдаа гаргахгүйг хичээсэн.
-Тамирчдаа ялахад шүүгч баярлаж, ялагдахад нь хамт гонсойж зогсдог байх даа.
-Олон улсын шүүгч тэмцээний үед нэг талыг баримтлах ёсгүй. Өөрийн улсын тамирчнаа ялалт байгуулахыг харах сайхан ч сэтгэл хөдлөлөө дэвжээнд илэрхийлж болохгүй. Төвийг сахиж, олон улсын шүүгчийн зарчмын дагуу ажилладаг. Тиймээс сэтгэл хөдлөлөө маш сайн дарж, хараад л зогсож байдаг. Харин тэмцээн дууссаны дараа медаль хүртсэн тамирчдадаа баяр хүргэж, урам хайрлана. Мөн өрсөлдөөн өрнөх үед ямар алдаа дутагдал гаргасныг нь нэг бүрчлэн хэлж, ярилцдаг юм.
-Та бусдаас суралцсанаа хэрхэн хэрэгжүүлдэг хүн бэ?
-Дэлхийн шилдгүүдээс туршлага хуримтлуулж, шүүгч болох зорилгоо биелүүлсэн. 2022 онд олон улсын шүүгчийн эрхээ авсан. Одоо зэрэглэлээ ахиулах зорилготой байгаа. Олон улсын шүүгчид найрсаг харилцаатай. Миний хувьд хойд хөршийн шүүгчидтэй холбоотой ажиллаж, мэдээлэл солилцдог. Бидэнд нэгнээсээ суралцаж, үлгэр дуурайл авдаг зүйл их. Шүүгч хүн өөрийгөө хөгжүүлж, байнга суралцах ёстой. Тиймээс Монголынхоо модон барилдааны хөгжилд хэрэг болох шинэ санаа, шинэлэг зүйлийг олж хараад ирдэг. Модон барилдаан Якут улсын үндэсний спорт. Үүнийг 97 улс эх орондоо нийтийн биеийн тамирын чиглэлээр хөгжүүлж байна. Надад ОХУ-ын шүүгчдийн туршлага, арга барил, таалагддаг. Тэднээс сурснаа ч хэрэгжүүлэхээр хичээж ирлээ.
-Гэр бүлээрээ олон улсын шүүгч байх нь нэг талаар давуу талтай санагддаг уу?
-Гэр бүлээрээ нэг зорилготой ажиллаж, амьдрах сайхан байдаг. Бид олон улсын шүүгч болохоосоо өмнө модон барилдааны УАШТ-д анх удаа оролцож, тамирчны гараагаа эхлүүлж байлаа. 2022 онд болсон ДАШТ-д би эмэгтэйчүүдийн 55, нөхөр эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдөхдөө туршлага чамгүй хуримтлуулсан.Тэр үед энэ спорт манай улсад шүүгчийн чиглэлээр хөгжөөгүй байв. Монголын модон барилдааны холбоо олон улсын шүүгчтэй болох талаар зөвлөлдөж ярилцсан юм. Тиймээс шүүгч бэлтгэх дэлхийн онол, практикийн сургалт зохион байгуулж, дэмжин ажиллах болсон. Ингэж ажилласны үндсэн дээр бид шүүгч болсон. Онол практикийн сургалтад сууж, олон улсын шүүгчийн эрх авсан найман хүн Монголд бий. Тэдний зарим нь тамирчин тул амжилт гаргахаар карьертаа анхаарал хандуулж байгаа. Одоогоор С.Тэлмэн бид хоёр гадаадын тэмцээнд улсаа төлөөлж олон улсын шүүгчээр ажилладаг. Бид өнгөрсөн нэгдүгээр сард улсын шүүгч бэлтгэх зорилгоор онол, практикийн сургалт хийж, нийт 26 зургаан хүн төгсгөсөн. Тэдний түрүүчээс улсын чанартай тэмцээн шүүн дадлагажиж байна. Орон нутагт модон барилдааны холбоо байгуулснаар сонирхож хичээллэх залуусын тоо жил бүр нэмэгдэж буй учраас шүүгчдийг бэлтгэх шаардлагатай болсон. ОХУ-ын Саха улсын Якут хотод энэ сарын 25-наас долоодугаар сарын 7 хүртэл үргэлжлэх “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VIII их наадмын тэмцээний ерөнхий шүүгчээр нөхөр, би талбайн шүүгчээр ажиллах юм.
-Нөхөр тань томоохон тэмцээн шүүхийн өмнө зөвлөж, зоригжуулдаг биз?
-Тийм ээ. Нөхөр минь Монголын модон барилдааны холбооны ерөнхий шүүгч. Талбайд гарахын өмнө энэ дүрэмд ийм зүйл байх ёстой гээд хэлнэ. Би Узбекистанд өнгөрсөн сард болсон Азийн АШТ-ийг шүүхээр ганцаараа явсан. Тэмцээний үед зарим шүүгч торгууль авах үйлдлийг зогсоож чаддаггүй алдаа гаргадаг. Тиймээс нөхөр лайв үзээд байнга холбогдож байлаа. Миний харц, үйл хөдлөл, тэмцээн хэрхэн шүүдгийг мэддэг учраас “Биеийн хэлэмжээ сайн гаргаарай. Алдаа гаргахгүйн тулд тухайн үйлдлийг, агшныг сайн тогтоогоорой” гэж зөвлөсөн нь их хэрэг болсон шүү. Хэн нэгэн нь тэмцээн шүүхээр явахаар болбол санхүү, ар гэрийнхээ асуудлыг зохицуулна. Хэдийгээр газар үзэж, нүд тайлах сайхан ч гадаадад олон хонохоор гэр бүлээ их санана. Миний хувьд тэмцээн амжилттай дэнсэлж, том ажлын ард нь гарсны дараа л уужирдаг юм. Биднийг тив, дэлхийн тэмцээнд шүүгчээр ажиллахаар явсан үед аав, ээж хүүхдүүдийг минь асран хамгаалдаг даа.
-Узбекистаны Хива хотод өнгөрсөн жил зохион байгуулсан ДАШТ-ийг анх шүүхэд амаргүй санагдав уу?
-ДАШТ-ий дэвжээнд 125 кг-ын жинд дэлхийн гурван удаагийн аварга, биерхүү, өндөр тамирчид өрсөлдсөн. Би олон улсын шүүгчдээс намхан, жижигхэн биетэй нь. Өөрөөсөө том биетэй тамирчдыг хараад эхэндээ их сүрдэж байв. Түүнээс хойш олон тэмцээнд шүүгчээр ажилласан тул цочроо гарч, сандрахаа больжээ. Бразилд болсон “Арнольд классик” хүчний фестивалийн модон барилдааны тэмцээнд С.Тэлмэн бид хоёроос өөр гадаадын шүүгч байгаагүй. Нөхөр минь ерөнхий шүүгчээс гадна нарийн бичгийн шүүгч гээд бүх зүйлийг хариуцсан бол би дэвжээний шүүгчээр ганцаараа ажилласан. 80 гаруй тамирчин өрсөлдсөн том тэмцээнд хоёр шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллахдаа олны талархлыг хүлээсэн.
-Азийн ихэнх орны залуус энэ спортоор хичээллэдэг. Монголын тамирчдын бусдаас ялгардаг давуу талаас сонирхуулаач.
-Монголын тамирчид чансаагаараа дэлхийд гуравдугаарт жагсдаг. II байрт эрэмбэлэгддэг Киргиз улсын тамирчдыг хожиж өмнө нь бичигдэх боломж ойрхон байгаа. Энэ спорт монгол хүний биеийн онцлог, бэлтгэл сургуулилалтын ачаалал даах чадвар, тэсвэр хатуужилтай занд хамгийн сайн тохирдог. Хүний булчингийн 99 хувийг ажиллуулдаг болохоор биеийг нь өв тэгш хөгжүүлдэг давуу талтай. Саха улс иргэдийнхээ эрүүл, идэвхтэй эрч хүчтэй амьдруулах зорилгоор хичээллүүлсэн нь өдгөө үндэснийх нь спортын төрөл болж хөгжсөн түүхтэй.
-Шүүгчийн болон бүсийн сургалт орон нутагт хэр үр дүнтэй болдог бол?
-Би өнгөрсөн нэгдүгээр сараас эхлээд нийслэлийн дөрвөн дүүргээс гадна орон нутагт шүүгчийн болон бүсийн сургалтыг нэг бус удаа зохион байгуулаа. Одоо аймаг бүрд Модон барилдааны холбоо байгуулагдсанаар тамирчдаа дотоод, гадаадын тэмцээнд оролцуулдаг болсон. Баруун бүсийн сургалт Ховд, Зүүн бүсийнх Хэнтий, Хангайн бүсийнх Архангай аймагт болдог юм. Монголд үүгээр сонирхож хичээллэдэг залуус 20 мянгад хэдийн хүрчээ. Тамирчдын тоо нэмэгдэхийн хэрээр заал, танхим хэрэгцээтэй болж байна. Модон барилдааны техник хэрэгсэл, хувцас хэрэглэлийг гарын доорх материалаар хийж болдог учраас өндөр өртөг шаарддаггүй. Манай холбоо “Алтай” хотхоны ардхан талд баригдсан спорт заалаа энэ долоо хоногт нээж, ашиглалтад оруулна.
-Модон барилдааны тэмцээнд өрсөлдөгчөө ялж, амжилт гаргахад юу чухал байдаг вэ. Хүч бяр уу, эсвэл текник, арга барил уу?
-Техник маш чухал. Хүч чадалтай байсан ч техникийг нь сайтар эзэмшихгүй бол амжилт гаргахгүй. Өрсөлдөгчөө ялахын тулд тухайн тамирчин тэсвэр тэвчээр, хурд, авхаалж самбаа гээд өөрт байгаа бүх нөөц бололцоо, ур чадвараа гаргадаг. Үүгээрээ модон барилдаан маш их энерги шаарддаг спорт. Сахагийн тамирчид багаасаа хичээллэсэн болохоор бусдаас илүү туршлагатай. Тиймээс “Азийн хүүхдүүд” спортын VIII их наадмын тэмцээнд амжилттай оролцохоор манай өсвөр үеийнхэн тамирчидтай нь хамтарсан бэлтгэл хийж байна. Тэнд өнгөрсөн жил хамтарсан бэлтгэл хийсэн тамирчдын ур чадвар өмнөхөөсөө илүү ахисан. Насанд хүрэгчдийн ДАШТ арваннэгдүгээр сард болно. Монголын тамирчидтай Киргиз, ОХУ-ынхан хамтарсан бэлтгэл хийх санал тавьсан шүү. Модон барилдааны спортод нас хязгаарладаггүй. Аль ч насны хүмүүс хичээллэж, амжилт гаргах боломжтой.
-Та ажлаасаа аз жаргал, урам зориг, эрч хүчийг хэр мэдэрдэг вэ?
-Монголын тамирчин 2010 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртэх үеэс энэ спортын талаар анхны мэдэгдэхүүнтэй болж билээ. Тухайн үед оюутан байсан учир гэр бүл, үр хүүхэд, хичээлдээ анхаарал хандуулаад тууштай хичээллээгүй. Харин цар тахлын дараа бие бялдраа спортоор хөгжүүлэхээр шийдэж, хүүхдүүддээ үлгэр дуурайл болохыг хичээсэн. Бидний хувьд хүчний спортод хөл тавьсан минь хамгийн зөв шийдвэр байв. Спортын талбарт хамтдаа хөгжиж, урагшилснаа зөв сонголт гэж боддог. Ажил маань надад урам зориг өгдөг. Аз жаргал, эрч хүчийг мэдрэх бүрдээ энэ спортод талархдаг. Би одоо тамирчдынхаа хичээл зүтгэл, зорилго, хөдөлмөр, амжилтаар бахархах дуртай болсон.
-Хүүхдүүд тань аав, ээжийнхээ тэмцээн шүүхийг сонирхож харахаар зааланд ирсэн удаа цөөнгүй байх.
-Манайх хоёр хүүхэдтэй. Тэд зурагтаар спортын нэвтрүүлэг гарч байвал “Модон барилдаан үзье” гэдэг юм. Охид минь биднийг хааяа дагаж ирээд тэмцээн үзэх дуртай. Том охин спортод сонирхолтой. Модон барилдааны тэмцээн үзээд дүүтэйгээ дуурайж тоглодог юм. Энэ ташрамд тамирчдадаа “Хүн болгонд боломж бий. Өөрийнхөө төлөө хичээж хөдөлмөрлөөд амжилт гаргаарай” гэж хэлье.