УИХ-ын сонгуульд сойх хүмүүсээ нам, эвслүүд тодруулж, нэрсийг нь СЕХ-нд хүргүүлээд буй. Энэ удаагийн сонгуульд 1300 гаруй хүн өрсөлдөхөөр байна. Нам, эвслүүдээс харьцангуй шинэ дүр төрхүүдийг нэр дэвшүүлэх гэж оролдлоо. МАН-ынхан одоогийн УИХ-ын гишүүдээсээ улираасан 41-ийгээ тойрог руу “явуулсан”. Харин жагсаалтдаа дэд сайд нар, намын аппаратын зарим ажилтнаас бусдад нь шинэ хүн багтаасан аж. Тэгвэл АН-ынхан өнгөрсөн дөрвөн жилд намынхаа нүүрийг тахалсан УИХ-ын 12 гишүүндээ бүгдэд нь мандат олгов. Хэдийгээр хэл амтай, гомдол шүүмжлэлтэй байгаа ч АН-ын нэр дэвшигчдийн 102 нь шинэ хүн гэнэ. Хэд хэдэн намаас 25-26 настай, Gen Z үеийн төлөөллийг сойсон байна лээ. Мөн салбар бүрийн төлөөллийг багтаасан, эрдэмтэн, докторуудаараа ихэд “бахархаж” байгаа нь илт. Эрдмийн зэрэг, цолоор нь ангилсан статистикаа гол намууд танилцуулав. Тэгвэл нэр цэвэр, улс төрөөс хол гэж буй шинэ хүмүүсийн дотор улс төрчид болон нөлөө бүхий бизнесмений хүүхдүүд, ах дүү нар цөөнгүй багтжээ.
Энд зөвхөн олны танил улс төрчдийн үр хүүхдүүд, хамаатнуудыг дурдлаа. Энэ ангилалд багтах өөр ч олон нэр дэвшигч бий. Мөн томоохон бизнесменүүдийн үр хүүхдүүд ч өрсөлдөж байна. МАН-ын жагсаалт дахь нэр цэвэр гэгдэж буй, олны танил биш залуусын зарим нь “том ар”-тай тухай ч яриад эхэлсэн. Ер нь үндэс угсаатай нь нарийн шүүвэл “бор зүрхээрээ” улс төрд орж ирсэн хүн улам л цөөрөх нь.
ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫН “ШАХАА”
Аав, ээж, ах, эгчээрээ дамжуулан УИХ болон төрийн өндөр албан тушаалд “ногоон гэрэл”-ээр орж ирдэг хүмүүс олон. 1998 онд С.Зориг агсны орыг залгаж дүү С.Оюун, Ш.Отгонбилэг агсан 2001 онд онгоцны ослоор амь үрэгдэхэд түүний эхнэр Д.Туяа нар тус тус нөхөн сонгуулиар УИХ-д сонгогдож байв. Хамаатан садан, үе дамжсан улс төрчдийн түүх эндээс эхэлсэн гэхэд болно. Төрийн өндөр албан тушаалд томилогдсон хүмүүс үр хүүхэд, ах дүүгээ “өөд татах” нь түгээмэл. Улс төр, өндөр албан тушаал, эрх мэдлээс хэзээ ч хол байх ёсгүй мэт хандлага тэдний олонход бий.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар энэ удаагийн сонгуульд дахин Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшжээ. Тэрбээр 2021 онд тус дүүргийн нөхөн сонгуулиар УИХ-ын гишүүн болсон юм. Экс Ерөнхийлөгч хүүгээ “чирч”, нэр нүүрээ ашиглан байж УИХ-д сонгуулж дөнгөсөн. Одоо дахин үзээд алдаж буй нь энэ. МАН-ынхан нэрээсээ “хувьсгалт” гэдэг үгийг хасах үед тэрбээр яаж тэмцэж МАХН-ыг өөрийн болгосныг уншигчид санаж байгаа биз ээ. Гэтэл энэ тэмцлээ “мартаад”, 2021 оны дөрөвдүгээр сард МАН-тай нэгдэх гэрээнд гарын үсэг зурсан нь хүүгээ тус намаас нөхөн сонгуульд сойх хүсэлтэй нь холбоотой байсан юм. Тэр зорилгоо ч биелүүлсэн. МАН-тай нэгдэхдээ Н.Энхбаяр бүх албан тушаалын “бялуу”-ны 30 хувийг хүртэх тохироо хийсэн гэдэг. Энэ удаагийн сонгуулиар эрх баригч намаас нэр дэвшигчдийн дотор ч ийм тохироогоор хүмүүсээ багтаасан болов уу. Э.Батшугар гишүүн аавынхаа нэрийг ахин нэг ашиглаж чадах, эсэхийг харж байя.
Мөн одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр МАН-аас зургаадугаар тойрог буюу зүүн бүсэд өрсөлдөхөөр мандатаа авчээ. Тус намын Бага хурлаар нэр дэвшигчдээ тодруулахын өмнө У.Отгонбаяр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Ерөнхийлөгч ахынх нь дэмжлэг, нөлөө хэр байгаа талаар асуухад тэрбээр “УИХ, Ерөнхийлөгч бол тусдаа институц. Төрийн тэргүүний дүү гэдэг нь давуу тал болохгүй. Би бол хувь хүн” гэсэн тайлбар өгч байв. Тэрбээр эдүгээ Ерөнхий сайдын Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөх юм билээ. Мөн улс төр судлаач мэргэжилтэй, төрийн албанд тодорхой хугацаанд ажилласан гэнэ. МАН-аас “ногоон гэрэл”-ээр зүүн бүсэд нэр дэвших эрх авсанд Ерөнхийлөгч ахынх нь нөлөө байгаагүй гэж бүгдээрээ “итгэе”. Ахынхаа хөдөлмөр зүтгэлийн хүчээр сонгогдож чадвал тэрбээр парламент дахь нүд, чих нь болж ажиллах биз ээ.
ҮЕ ЗАЛГАМЖЛАГЧИД
1990-ээд оны төгсгөлөөс эхэлсэн гэр бүлсэг холбоо харилцаа улс төрд эдүгээ бэхэжжээ. 2012-2016 онд нэг айлын хүргэн болох АН-ын Д.Батцогт, МАН-ын С.Бямбацогт нар парламентад хамт суусан юм. Тэгвэл 2016-2020 оны парламентад төрсөн эгч, дүү хоёр тохой залган “ажилласан”. Эд бол МАН-ын Б.Саранчимэг, АН-ын Б.Наранхүү нар. Тэд ажил тасалдгаараа зартай байв. Эгч нь одоогийн парламентад ч гишүүн, бас удахгүй болох сонгуулиар долоодугаар тойрогт нэр дэвшээд буй. Ш.Отгонбилэг агсны орыг эхнэр нь залгаж долоон жил парламентын гишүүн байсан бол 2012 оны сонгуулиар тэдний хүү О.Содбилэг нь гишүүн болж байлаа.
Тэгвэл энэ удаа ч “ахан дүүсийн барилдлага” үргэлжилнэ. МАН-аас УИХ-ын гишүүн асан Р.Будын охин П.Анужин тойргоо сольж, хотоос орон нутаг руу шилжээд өрсөлдөж байна. Овог нь өөр ч түүний төрсөн эцэг нь Р.Буд гэдгийг хүмүүс мэдэх биз ээ. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгчийн дүрээр олон нийтэд танигдсан түүний улс төрд орох замыг аав нь засаж, нэр нөлөөгөө багагүй ашигласан гэдэг. МАН-ын жагсаалтын 12-т эрэмбэлэгдсэн, тус намын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа бол Ерөнхий сайд агсан П.Жасрай гуайн зээ охин. Мөн л өвөөгийнхөө нэрээр улс төрд орж ирсэн гэхэд болно. 2008-2012 оны парламентын бие даагч гишүүн байсан З.Алтайн охин А.Энхзул эдүгээ МАН-ын жагсаалтын 36-д, Геологи, уул уурхайн сайд асан Ч.Хурцын охин Х.Оюунцэцэг 44-т эрэмбэлэгдсэн байгаа юм.
Түүнчлэн аав, хүү хоёр мөр зэрэгцэн нэр дэвшээд байна. АН-ын дарга асан С.Эрдэнэ Баянгол дүүрэгт өрсөлдөх гэж буй бол хүү Э.Одбаяр нь Эрх чөлөөний эвсэл намаас нэр дэвшив. Хүүд нь сонгогдох боломж бага. Гэвч амьдрал баян юм хойно, аав, хүү хоёр зэрэгцээд парламентад суухыг бид үзэж ч мэдэх. Мөн УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин Б.Жаргалан АН-ын жагсаалтын 14-т эрэмбэлэгдээд байна. Тэрбээр аавыгаа дагаад нэлээд хэдэн жилийн өмнөөс улс төрд хөл тавьсан нэгэн. АН-ынхан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээ харин ч харьцангуй хойгуур жагсаасан байгаа юм.
Мөн Ц.Шинэбаяр агсны хүү Ш.Бямбасүрэн АН-аас зүүн бүсийн зургаадугаар тойрогт нэр дэвших эрхээ авчээ. Түүний аав МАН-ын гишүүн, хожим МАХН, тэндээсээ өрх тусгаарлаад Хамуг Монгол хөдөлмөрийн намыг байгуулж явсан, УИХ-ын гишүүн агсан хүн билээ. Эдүгээ хүү нь аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээр шийдсэн бололтой. УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн төрсөн дүү Г.Батчимэг АН-ын жагсаалтын арванхоёрдугаарт эрэмбэлэгдээд байна. Тавдугаар тойрогт нэр дэвшсэн С.Эрдэнэболд ч аавынхаа шийрийг хатааж яваа залуу. Учир нь түүний аав Ш.Сүхбаатар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж явсан, сэтгүүл зүйн салбарт мөрөө үлдээсэн нэгэн юм. АН-аас нэгдүгээр тойрогт мөн л Эрчим хүчний дэд сайд асан Ө.Пүрэвбаатарын хүү П.Мөнхтулга, хэдийгээр том улс төрч биш ч шуугиантай лайваараа танигдсан Д.Мөнх-Эрдэнийн дүү Д.Цогтбаатар нар нэр дэвшжээ. Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Ховдын хоёрдугаар тойрогт тус намаас дээр дурдсан Д.Батцогт, С.Бямбацогт нарын баз өрсөлдөж байна. АН-ын жагсаалтын дөрөвдүгээрт тус намын олон чадварлаг залуугаас онцолж, 27 настай С.Цэлмүүнийг сонгосныг гайхаж буй хүн олон. Тэгвэл түүний аав гурилын томоохон үйлдвэрийн эзэн гэсэн мэдээлэл цахим сүлжээнд тарав.
Одоо ХҮН нам руу өнгийе. Тус намын жагсаалтын хоёр, дөрөвдүгээрт нэртэй хүний зүстэй хүүхдүүдийг эрэмбэлжээ. Хоёрдугаарт жагссан Л.Энхнасан бол Төрийн хошой шагналт зохиолч Чадраабалын Лодойдамба гуайн зээ охин. Өмнөх сонгуулиар Говь-Алтай аймагт хүч үзэж байсан эл бүсгүй одоо намын жагсаалтынхаа хоёрдугаарт бичигдээд буй юм. Дөрөвт эрэмбэлэгдсэн Г.Уянгахишиг бол Монгол Улсын анхны бөгөөд сүүлчийн дэд Ерөнхийлөгч, улс төрч Р.Гончигдоржийн охин. Боловсролтой эл эмэгтэй аавынхаа тулгын чулууг нь түшилцсэн АН-ыг биш, ХҮН намыг сонгосон юм билээ. Мөн тус намын хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэй улс төрчдийн нэг учраас эцгийнхээ нэрийг бариад байх шаардлага түүнд гарахгүй л болов уу.
Энд зөвхөн олны танил улс төрчдийн үр хүүхдүүд, хамаатнуудыг дурдлаа. Энэ ангилалд багтах өөр ч олон нэр дэвшигч бий. Мөн томоохон бизнесменүүдийн үр хүүхдүүд ч өрсөлдөж байна. МАН-ын жагсаалт дахь нэр цэвэр гэгдэж буй, олны танил биш залуусын зарим нь “том ар”-тай тухай ч яриад эхэлсэн. Ер нь үндэс угсаатай нь нарийн шүүвэл “бор зүрхээрээ” улс төрд орж ирсэн хүн улам л цөөрөх нь. Хүн эцэг, эхээ сонгож төрдөггүй. Бас Монгол Улсын иргэний хувиар сонгогдох эрхээ эдлэх нь ч тэдэнд нээлттэй. Харин улс төрч, нөлөө бүхий бизнесмений хүүхэд, хамаатан гэдгээ давуу тал болгон ашиглаж, бусдаас илүү эрх эдлэх учиргүй юм. Парламентын сэнтий хүссэн аавын хүү, ээжийн охинд олдохгүй. Нэр дэвших эрхийг тэд “мундагдуулаад” авсан байж болох ч үнэхээр л мэдлэг, чадвартай бол шударга өрсөлдөх ёстой. Сонгогчид ч ялгаж, салгаад дүн тавих учиртай билээ.