Спорт бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Тэр дундаа сагсан бөмбөг хүүхэд, залуусын сэтгэл татагддаг хамгийн дуртай төрөл. Сонирхож, тууштай хичээллэсэн нь амжилт гаргах ур чадвараа олж, тоглолын талбарт карьераа үргэлжлүүлдэг. Ц.Ананд багаасаа сагсан бөмбөгтэй нөхөрлөж, сургууль, дүүргийнхээ АШТ-д оролцдог болсон нь тамирчны гараагаа эхлүүлэхэд их нөлөөлжээ. Тэрбээр одоо “Этүгэн” их сургуулийн III дамжааны оюутан, “Этүгэн ирвэсүүд” клубийн сагсан бөмбөгийн II шигшээ багийн тоглогч. Тус сургуулийн оюутан болж, Гавьяат дасгалжуулагч О.Баярцогт багшийн удирдлагад бэлтгэл базааж, 2021-2022 онд оюутны лигийн II дивизонд багийнхантайгаа оролцохдоо V байрт шалгаран медаль хүртэхэд ойрхон байгааг үзэгчдэд харуулсан юм. Тэгвэл 2022-2023, 2023-2024 онд болоход нь тус багийнхан амжилтаа ахиулж, хошой мөнгөн медаль гардаж байв. Түүний амжилтыг үнэлж, өнгөрсөн жил Монголын залуучуудын холбооны шилдэг залуу алтан медалиар шагнасан билээ.
-Сагсан бөмбөгт сэтгэл татагдаж, хичээллэсэн он жилүүдийн чинь дурсамжаар аялъя. Та татгалзахгүй биз дээ?
-Манайх спортлог гэр бүл. Бид багаасаа өөрийн сонирхдог спортоор хичээллэсэн. Би айлын дунд хүү. Хүмүүс надаас “Чи яагаад уулын спорт, хад, мөсөнд авиралтаар хичээллээгүй юм бэ” гэж асуудаг. Энэ бүхэн миний сонирхол биш байв. Багадаа сагсан бөмбөгийн секц, дугуйланд яваагүй ч тэмцээн сонирхож их үздэг байлаа. Тэр цагаас үеийнхэнтэйгээ тоглон сургууль, дүүргийн хээ аварга шалгаруулах тэмцээнд оролцдог болсон юм.
-Багийн спортын давуу талыг тамирчин болоод мэдэрсэн үү?
-“Этүгэн” их сургуулийн оюутан болж, сагсан бөмбөгийн II шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан. Бэлтгэл өдөр бүр хийж эхэлсэн цагаас багийн спортын давуу талыг ойлгож, тамирчид сахилга баттай байхаас гадна зорилгынхоо төлөө нэгдэж чаддаг нь энгийн нэг сонирхон тоглогчдоос олон зүйлээр өөр болохыг мэдэрсэн юм. Хичээлийнхээ хажуугаар зав гарган бэлтгэл хийж, их, дээд сургуулиудын оюутны лиг, УАШТ, оюутны спортын VI их наадмын тэмцээнд оролцох гээд үүрэг, хариуцлага өмнөхөөсөө нэмэгдсэн. Бүхнийг амжуулах эхэндээ амаргүй санагддаг байсан ч аль алийг нь орхигдуулахгүйг хичээж ирлээ.
-Та сагсан бөмбөгөөр хичээллэдэг байхдаа БНСУ-ыг зорьж, өсвөр үеийн шигшээ багийнхантай нь хамтарсан бэлтгэл хийсэн гэл үү?
-Тийм ээ. Хүүхэд байхдаа 15, 16 хүртэлх насныхны УАШТ-д “Этүгэн” их сургуулийн “Этүгэн ирвэсүүд” клубийн хувцсыг өмсөөд анх оролцож байлаа. Тэмцээнд шалгарсан хүүхдүүд зун БНСУ-ыг зорьж, сургуулиудынх нь өсвөр үеийн шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийсэн юм. Миний ажигласнаар тамирчид нь хурдтай тоглодог болох нь анзаарагдсан. Европын тамирчид шиг өндөр, биерхүү биш ч гэлээ орчин нөхцөлдөө тохируулан бэлтгэл хийж, тэмцээний үед нэг нь нөгөөгөө орлож чаддаг нь тун сонирхолтой санагдсан. Өндөр тамирчинтай тоглохдоо өөрийн давуу талыг ашиглах тактик, техник, арга барил нь их таалагдсан тул бид ч урам авч, хойшид ингэж тоглож болно гэдгийг ойлгож байв.
-Унгарын Дебрецен хотод болсон сагсан бөмбөгийн 3х3 төрөлд олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд манайхан оролцсон. Зорилгоо биелүүлэхэд ганцхан алхам дутаж, Польшийн багт ялагдсанаар эрхээс атгаад л алдлаа даа.
-Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийн тамирчдаас нэр нэгтэй А.Ананд ахын тоглохыг харах дуртай. Түүний тоглолт бусдынхаас нэг л өөр, өвөрмөц байдаг болохоор сэтгэл татдаг юм. Мөн М.Өлзий-Орших, Э.Дөлгөөн нар сонирхолтой тоглолт өрнүүлж, тэмцээний уур амьсгалыг өрсөлдөөнтэй болгодог тул үзээд л баймаар санагддаг. Хүмүүс А.Ананд ахыг янз бүрээр ярьж, шүүмжиллээ. Миний хувьд түүнд буруу өгмөөргүй байна. Манай гурван тамирчин өөрт байгаа бүхнээ шавхаж, эцсээ хүртэл тоглосныг дэлхий даяараа харлаа. Ямар ч улсын баг хоосон буцахгүйг хичээнэ шүү дээ. Монголын тамирчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч болсныг олон орны үзэгчид мэднэ. Манайхан хасагдах шатанд Израилын багтай тоглохоор учраа таарсан. Тэдэнтэй өмнө таарч байгаагүй. Тиймээс манайхныг бүх талаас нь сайтар судлан, гол тоглогчийг нь “шатааж”, тэмцээнээс гаргах зорилготой байсан болов уу. Олимпын эрх авах нь тэдэнд, манайханд ч алдаж болохгүй боломж. Тоглолтын талбарт багууд ялахын тулд арга заль, ухаан, овсгоо самбаа аль алийг нь гаргадаг. Тийм л зүйл болсон. Миний хувьд хүч хөдөлмөр, тэсвэр тэвчээр гаргаж өнөөгийн өндөр түвшинд хүрсэн тэднээрээ бахархаж байгаа.
-“Этүгэн” их сургуулийн сагсан бөмбөгийг II шигшээ багт хөл тавьсан анхны өдөр танд ямар бодол төрсөн бэ?
-Өмсгөлөө өмсөөд бие халаалтаа хийж байхдаа намайг хэзээ дуудах бол, би чадах болов уу гээд бодож билээ. Намайг анх ирэхэд тус сургууль сагсан бөмбөгийн таван багтай байв. Би одоо II шигшээ багт хамгаалагчийн байрлалд тоглодог. Оюутны спортын VI их наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд сагсан бөмбөгийн I багийнхан түрүүллээ. Аваргын төлөөх тоглолтод “Отгонтэнгэр” их сургуулийн багийг хожиж, алтан медаль хүртсэн. Гавьяат дасгалжуулагч О.Баярцогт багш “Этүгэн” их сургуулийн сагсан бөмбөгийн багуудыг дасгалжуулж, бэлтгэл хийлгэснээр тасралтгүй амжилт гаргах болсон юм. Биднээс өмнөх багийн ах нар дээд лигийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байдаг. Тэд бидэнтэй хамт бэлтгэл хийнэ, тэмцээнд оролцвол дэмжиж үзнэ, тоглолтын үед зөвлөнө.
-О.Баярцогт дасгалжуулагч тамирчдынхаа бэлтгэл сургуулилалтаас гадна нойр, хоол, амралт, сэтгэл зүйд нь анхаарал хэр хандуулдаг бол?
-Багш маань шавь нартайгаа нэг бүрчлэн тулж ажиллана, зөв залж чиглүүлнэ. Бидэнд “Сайн тамирчин байж болно. Харин мэдлэггүй, боловсролгүй мэргэжилтэн байж болохгүй. Та нар сагсан бөмбөгөөр насан туршдаа амьдрахгүй тул боловсролтой болохын тулд хичээлээ зохицуулаарай” гэдэг юм. Түүний хувьд оюутны лигт таван баг сойж, амжилттай оролцуулна гэдэг маш их хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шүү дээ. Лиг, УАШТ-ий финалд манай сургуулийн багуудаас гурав нь заавал шалгардаг. Өнгөрсөн жил болсон оюутны лигт дөрвөн баг шагнал гардсан. Хоёр алт, мөнгө, хүрэл медальтай тэмцээнийг өндөрлүүлж байлаа. Энэ жил сагсан бөмбөгийн III багийнхан оролцож, аваргын төлөө “Чингис Соосэ” их сургуулийн багийнхантай тоглосон ч хожигдож, мөнгөн медаль хүртсэн. Миний хувьд II багийнхантайгаа гурван жил тоглосон болохоор нөхдийнхөө зан чанарыг сайн мэднэ. Тэдний хэн нь юу хэлэх гэж байгааг харц, хөдөлгөөнөөс хараад л гадарлана шүү дээ.
-Багштайгаа анх хэрхэн танилцаж, шавь нь болж байв?
-12 дугаар ангиа төгсөх жилээ О.Баярцогт багштай уулзаад “Би сагсан бөмбөг тоглодог. Танай “Этүгэн” их сургуульд суралцаж болох уу” гэхэд зөвшөөрч, халуун дотноор хүлээж авсан. Тэрбээр өөрийн биеэр дагуулан явж, сонирхдог мэргэжлийн маань ангид оруулж байсныг одоо ч мартдаггүй. Би их азтай. Ур чадвартай, туршлагатай дасгалжуулагчийн удирдлагад хичээллэж, сагсан бөмбөгийн II шигшээ багт нь тоглож байгаагаа ховорхон олдох хувь тохиол гэж боддог.
Тэмцээнд оролцох бүрдээ, бас амжилт гаргах болгондоо багшдаа талархдаг юм. Түүний сагсан бөмбөгийн спортод бүхнээ зориулж, тамирчдаа боловсролтой, амьдралыг нь баталгаатай болгосон хичээл зүтгэл, хөдөлмөр, сайхан сэтгэлээр нь бахархах дуртай. Тиймдээ ч багш минь шавь нартаа зөв хүн байхыг үргэлж сургадаг. Энэ ташрамд, хоббийг минь хөгжүүлж, хүн бүрт олдоод байдаггүй боломжийг олгож, амжилтад хөтөлсөн багшдаа баярлалаа гэж хэлье. Түүний удирдлагад хичээллэсэн олон тамирчин бий. Тэднээс сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн шигшээ багт Ө.Индра, эрэгтэйчүүдийнхэд А.Ананд ах тоглож байна. Тэд “Этүгэн” их сургуульд сурсан төгсөгч.
-Хүүхдүүдээ амжилтад хүргэхийн тулд найдвартай ар тал нь болж, цаг үргэлж дэмжиж ирсэн ээжийн тань хичээл зүтгэлээр бахархаж байна.
-Би ээжээрээ бахархах дуртай. Биднийг тэмцээнд оролцохоор болбол ажлаа зохицуулаад өмсөх хувцас, хоол хүнс гээд бүхнийг зэхэж бэлддэг. Тоглолтын үед холбогдож, бие, сэтгэл зүйн байдлыг асууж санаа тавина. Тэмцээн өндөрлөсний дараа сэтгэл тайвширч, ээжийнхээ гарын хоолыг идэх сайхан. Сагсан бөмбөгийн II шигшээ багийнхан оюутны лигт оролцох бэлтгэлээ хангаж буудалд нэг хэсэг байрласан юм. Тэр үед ээжийн хоолыг үгүйлж, гэр лүү явмаар санагдаж байлаа.
-Тамирчдад чөлөөт цаг ховор гарах юм. Таны завыг харж, цаг товлож ярилцах үнэхээр амаргүй байлаа шүү.
-Надад амарсан өдөр тун ховор. Манай гэр сургуулиас хол. “Найрамдал” зусланд байдаг болохоор хичээлээсээ хоцрохгүйн тулд өглөө эрт гардаг. Хичээлдээ гүйх, бэлтгэлээ хийх, тэмцээнд оролцох гээд завгүй явахад цаг хугацаа нэг л мэдэхэд өнгөрсөн байдаг юм. Миний чөлөөт цаг гэртээ ирж, очих замд, автобусанд өнгөрдөг дөө. (инээв) Зуны амралт эхлэхээр ажил хийдэг. Өмнө нь “Найрамдал” зуслан, “Натурмед” сувиллын газарт зөөгчөөр ажилласан. Энэ жил тус зусланд багшаар ажиллана. Ирэх жил сургуулиа амжилттай төгсөж, мэргэжлээрээ ажиллахыг зорьж байгаа. Ажил, амьдралын талбарт хөл тавьсан ч сагсан бөмбөгөөс холдохгүй.
-Мөсөнд авиралтын тамирчин Ц.Анар таны төрсөн дүү. Та хоёрыг нэг сургуульд сурдаг болохыг саяхнаас мэдсэн. ДАШТ-ээс хүрэл медальтай ирэхэд сургуулийн тань хамт олон хэр сэтгэл өндөр угтав?
-Бид нэг сургуулийн оюутан. Түүнийг Францад болсон мөсөнд авиралтын залуучуудын ДАШТ-ээс хүрэл медальтай ирэхэд сургуулийн удирдлага, хамт олон, багш, оюутнууд сэтгэл өндөр, сайхан угтаж авсан шүү. “Этүгэн ирвэсүүд” клубийн ерөнхий менежер Г.Сонинхүү ах “Сагсан бөмбөгийн II шигшээ багийн тоглогч Ц.Анандын дүү Ц.Анар ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ” гээд пост оруулахад манай сургуулийнхан биднийг төрсөн ах, дүүс болохыг мэдэж, баяр хүргэсэн. Мөсөнд авиралтын залуучуудын ДАШТ Монголын цагаар шөнө болсон. Бид гэртээ цуглаад Ц.Анарыг хэрхэн оролцох бол гэж сэтгэл догдлоод үзэж суусан минь одоо ч сэтгэлд тодхон байна. Тухайн үед тэмцээний талаар сураг ажиг тавьж, мөсөн хананд өөрөө авирах гэж буй мэт сандарч билээ. Дүү минь өнгөрсөн жилийн тэмцээнд медалиас атгаад алдсан болохоор энэ удаа яах бол гэж догдолж, түгших зэрэгцсэн. Түүнийг шагналын тавцанд зогсоод медалиа зүүхийг нь хараад өөрийн эрхгүй огшиж баярласан даа.