“Орос хэлний хичээлийг сурагчдад заалгамааргүй байна. Англи хэлний дүрэмтэй хольж, солиод хэцүү. Хичээл бүрд шинэ дүрэм үздэг болохоор сайн ойлгодоггүй. Өдөр тутамдаа орос хэлийг хэрэглэхгүй учраас цээжилсэн үгээ мартчихдаг. Одоо ер нь орос хэл сурах хэрэг байна уу”, “Дүн гаргах учраас л орос хэлний хичээлд суудаг. Манай ангийнхан шалгалтын үед арай дөнгүүр нэгнээсээ хуулчихдаг. Долоодугаар ангид 18 хичээл үзэж байгаа. Заримыг нь цөөлмөөр юм. Орос хэлний хичээлийн оронд англи хэлийг гүнзгийрүүлж сурах нь бидэнд хэрэгтэй” гэж ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн долоодугаар ангийн сурагчид ярив. Харин уг хэлийг хоёр жил заалгасан аравдугаар ангийн хөвгүүд оросоор хэдхэн үг л мэднэ, ярьж чадахгүй гэцгээлээ. Орос хэлийг ингэж ор нэрийн төдий заахын оронд сонгон суралцах хичээлд оруулах нь зүйтэй гэж хүүхдүүд үзэж байна.
Улсын ерөнхий боловсролын бүх сургуулийн 7-9 дүгээр ангид орос хэлний хичээлийг сургалтын хөтөлбөрийн дагуу зааж буй. Англи хэлийг дунд буюу тавдугаар ангиас нь зааж байгаа билээ. Харин ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн англи хэлийг гуравдугаар ангиас нь заах талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн юм. Үүнийг энэ хичээлийн жилээс эхлүүлэх байсан ч сургалтын хөтөлбөрийг шинэчилж буйтай уялдуулан хойшлуулсан аж. Ингэж бага ангиас нь англи хэл заахад багшийн хомсдол үүсэх учраас Филиппин улсад зуны сургалтад хамруулж, сурах бичиг боловсруулах гэнэ. Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, “Англи хэлийг судлах үндсэн гадаад хэл” хэмээн хуульчилна, сурагчдад нэгдүгээр ангиас нь заана, заахгүй гэх ширүүхэн маргаан өнгөрсөн онд УИХ-ын гишүүд төдийгүй олон нийтийн дунд өрнөсөн. Ямартай ч ирэх онд хувийн болон төрийн өмчийн ерөнхий боловсролын бүх сургуулийн найман настнууд англи хэл үзэхээр болжээ. Үүний нөгөө талд орос хэлийг яах вэ гэдэг асуудал хөндөгддөг юм. Учир нь манай боловсролын салбарт англи, орос хэл салшгүй холбоотой мэт явж ирсэн. Сурагчдын саналыг үл харгалзан, тэнцүү тоогоор хүүхдүүдийг хуваарилан англи, орос хэл заадаг байсан үе саяхан. Хэдэн жилийн өмнө гадаад хэл гэхээр орос эсвэл, англиар л төсөөлдөг байсан гэхэд болно. Харин одоо үед хүүхдүүд хятад, япон, солонгос, герман, франц, испан зэрэг өөр орны хэл сурах хүсэлтэй болжээ. Энэ нь ерөнхий боловсролын сургуульд заавал орос хэлийг “хүчээр” заах шаардлагатай юу гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яам болон салбарын бодлого тодорхойлогчид нь эргэн харах хэрэгцээ үүссэнийг илтгэж байна. “Хүүхдүүд орос хэлний хичээлд сонирхолгүй байдаг. Сурагчдын олонх нь мэнд мэдэхээс хэтрэхгүй төгсөж байгаа нь нууц биш. Долоодугаар ангид орос хэлийг шууд заахын оронд хүүхдүүдэд сонголт өгөх хэрэгтэй. Орос хэлд үнэхээр сонирхолтой нь цаашид гүнзгийрүүлэн судалж, энэ чиглэлээрээ мэргэжил эзэмших нь нээлттэй шүү дээ. Үүний зэрэгцээ бусад орны хэл сурах сонголтыг үлдээх нь чухал” гэж ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн сургалтын менежер ярив. “Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу л үйл ажиллагаагаа явуулж байна. Илүү зүйл ярих эрхгүй” гэж “бөөрөнхийлөх” нь ч байв. Зарим нь орос хэлийг цаашид үзэх шаардлагатай, эсэх, зөвхөн англи хэл заах нь зөв, буруу гэдэгт байр сууриа илэрхийлэх боломжгүй гэсэн. “Орос хэл юу нь чухал гэж, яагаад урд хөршийнхөө хэлийг заахгүй байгаа юм” хэмээн лавлаж, бүр маргаан үүсгэдэг эцэг, эх ч цөөнгүй талаар багш нар учирлалаа.
Хүүхэд, залуус орос хэлийг ойшоохгүй байгаагийн нэг илрэл нь эл хичээлээр элсэлтийн шалгалт өгч буй сурагчдын тоо. Энэ онд 35 742 суралцагч 10 хичээлээр шалгалт өгөх бөгөөд тэдний ердөө 690 нь орос хэлийг сонгосон байна.
Улсын хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 871 сургууль үйл ажиллагаа явуулж буйн 79.8 хувь нь төрийн өмчийнх. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд орос хэлний 600 багш ажиллаж байна. Өнгөрсөн онд манай улс орос хэлний 610 багштай байсан бол өдгөө энэ тоо 10-аар цөөрчээ. МУИС, МУБИС болон “Дорнод”, “Орхон”, “Сити” их сургуульд орос хэлний багш бэлтгэдэг аж. Эдгээр сургуульд нийт 152 хүүхэд л орос хэлний багшийн мэргэжил эзэмшихээр суралцаж буйг БШУЯ-наас мэдээлсэн юм. Цахим орчин дахь зар мэдээллүүдээс харвал орос хэлний багшийн эрэлт их бөгөөд тэднийг “Улаан ном”-д бичихээр болсон хэмээсэн нь оргүй биш бололтой.
Хүүхэд, залуус орос хэлийг ойшоохгүй байгаагийн нэг илрэл нь эл хичээлээр элсэлтийн шалгалт өгч буй сурагчдын тоо. Энэ онд 35 742 суралцагч 10 хичээлээр шалгалт өгөх бөгөөд тэдний ердөө 690 нь орос хэлийг сонгосон байна. Харин 23 821 хүүхэд англи хэлээр элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Сурагчдын хичээл сонголтын тоо ийм хол зөрүүтэй байгаа нь орос хэлийг цаашид заах, эсэхийг бодолцох бас нэг шалтгаан юм. Эл хичээлээр элсэлтийн шалгалт өгсөн бүх хүүхэд орос хэлний багш болохгүй нь ойлгомжтой. Энэ нь багш хомсдоход нөлөөлж байна. Техник, технологи хурдацтай хөгжиж, хиймэл оюун ухааны түвшинд ажиллах болсон энэ үед орос хэл хүүхдүүдэд хол хөндий сонсогдох нь мэдээж. Гэхдээ манай улсад орос хэлээр сургалт явуулдаг цэцэрлэг, сургууль цөөнгүй бий. Орос хэлийг шимтэн судалдаг хүүхэд багачуудыг үгүйсгэсэнгүй. Гэвч заавал судлах хичээлийн жагсаалтад оруулж, нийтэд нь тулгах шаардлага бий юү гэдгийг зайлшгүй анхаарах ёстой.
Ерөнхий боловсролын сургуульд гадаад хэлийг гарамгай заадаг багш цөөн. Сурагчдын олонх нь анхан шатны мэдлэгтэй төгсдөг. Тэр дундаа оросоор ярих нь бүү хэл, ойр зуурын хэдэн үгтэй л хоцордог нь нууц биш. Их, дээд сургуульд дөрвөн жил орос хэлээр “нүдүүлсэн” хэдий ч мэргэжлээрээ ажиллахаас зайлсхийх багш ганц нэгээр тогтохгүй гэнэ. Жишээлбэл, 2007 онд МУБИС-д монгол, орос хэлний багшийн мэргэжил эзэмшсэн нэгэн бүсгүй өдгөө өөр салбарт хүч үзэж явна. Тэрбээр монгол, орос хэлийг бусдад заах хэмжээнд суралцаж чадаагүй учраас мэргэжлээрээ ажиллахыг хүсээгүй аж. Хос мэргэжил эзэмшүүлнэ гэсэн нь өөх ч биш, булчирхай ч биш байдалд хүргэжээ. Түүнчлэн өдөр тутамдаа орос хэлийг ашиглах боломжгүйгээс дөрвөн жил сурсныхаа ашиг шимийг хүртэж чадсангүй. Тэрбээр орос хэлийг төгс эзэмшиж чадаагүй тул хүүхдээ сургахаар шийдсэн гэнэ. Ингээд орос хэлний сургалттай цэцэрлэгт явуулсан ч санаанд нь нийцээгүй тул гаргажээ. Ирээдүйд орос хэлээр хоолоо олж идэх боломж хомс гэж үзсэнээ ч бас нуусангүй.
Гадаад хэл сурах хялбар бишийг хэн хүнгүй мэднэ. Маш их хичээл зүтгэл, хөдөлмөр шаарддаг билээ. Тэр дундаа орос хэлийг тийм ч амар сурчихгүй. Сургуульд хэдхэн цаг судлаад сурахгүй гэдгийг багш нар нь ч хүлээн зөвшөөрдөг. Гэтэл дунд сургуулийн хүүхдүүд ирээдүйд хэрэгтэй, эсэх нь ойлгомжгүй олон хичээл дунд нэмээд орос хэлний учрыг олох гэж зүдэж байна. Энэ нь сурагчдад ачаа дарамт болж буйг хэлсэн эцэг, эх ч цөөнгүй. Орос “суурьтай”, шинжлэх ухаан, хэл, соёлынх нь үнэ цэнийг мэддэг хүмүүс хүүхдээ энэ чиглэлд сургах сонирхолтой байдаг аж. Гэвч хүүхдийнх нь сонирхол, хүсэл мөрөөдөл нь эцэг, эхийнхтэйгээ зөрчилдсөөр. Эмээ, өвөө, аав, ээжийнх нь үед орос хэл моод байсан бол өдгөө хүүхдүүд үүгээр хязгаарлагдахаа больжээ. ОХУ-ын цаг үеийн байдал ч тэдний сонголтод нөлөөлөх болсон талаар дурдсан юм.
НҮБ-ын албан ёсны зургаан хэлний нэг нь орос. Монголчуудын олонх нь орос хэлийг гадарладаг. Ерөнхий боловсролын болон их, дээд сургуульд сонголтгүйгээр заадаг байсан нь үүнд нөлөөлсөн биз. Гэвч эл хэлээр чөлөөтэй ярьж, бичдэг нь цөөн. Нөгөө талаар жилээс жилд орос хэлийг судлах сонирхолтой хүүхдийн тоо цөөрч буй нь зарим эрдэмтэн, судлаачийн санааг чилээх болжээ. Ялангуяа англи хэлийг анхдагч гадаад хэл хэмээн заавал судлах хичээл гэж үзвэл оросыг ч мөн хүүхдүүдэд багаас нь заах ёстой гэж үзэх хүн цөөнгүй. Тэдний зарим нь орос хэлийг 7-9 дүгээр ангид долоо хоногт хоёрхон цаг зааж буй нь хүүхдүүдэд сайн сурах боломж олгодоггүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Орос хэл бол техник, шинжлэх ухаан, уран зохиолын хэл, үүнээс татгалзвал харанхуй бүдүүлэг үе рүүгээ очно гэх багш нар ч байсан юм. Орос хэлээр бичсэн шинжлэх ухааны ном, товхимол тоймгүй. Гэвч орос хэлийг англитай харьцуулахад дэлхий дахинд түгээмэл хэрэглэхгүй байгаа нь сурагчид сурахаас татгалзах гол шалтгаан болж байна. Үүний зэрэгцэээ англи, оросоос гадна өөр гадаад хэлийг 10 дугаар ангиасаа сонгон суралцах боломжтой нь хүүхдүүдийн толгойг улам эргүүлэх болжээ. Тодруулбал, нэг сурагч дунд сургуулиа төгсөхдөө 2-3 орны хэл гадарладаг болох нь. Ингэж сурсан нэр зүүхийн оронд аль нэг хэлийг сайн эзэмших нь цаг хугацааны хувьд ч хүүхдүүдэд ашигтай. Тиймээс сургалтын хөтөлбөрөөр түрээ барьж, орос хэлийг хүчээр заах нь хэр оновчтой вэ.