Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас “Янзаган хүрээг хайрлаарай” аяны хүрээнд явуулсан “Цагаан зээрийн амьдралын жим” сэдэвт мийм бүтээх уралдаанд Хэнтий аймгийн Баян-Адрага сумын ерөнхий боловсролын сургуулийн долоодугаар ангийн сурагч Н.Саруултуяа, А.Мөнгөнтулга нар тэргүүн, дэд байрт оржээ. Харин гуравдугаар байрт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангийн сурагч Ц.Ирмүүн шалгарсан байна. Цагаан зээрийн амьдрах орчин, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө, хамгааллын асуудлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой уг уралдааныг эл амьтны тархац нутаг бүхий Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан юм. Уралдаанд гурван аймгийн нийт 276 хүүхэд бүтээлээ ирүүлснээс сэдэв, агуулга, бүтээлч байдал зэргийг нь харгалзан шилдгүүдийг тодруулжээ.
Бэлтгэсэн: Н.Ган