Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр ахалж, Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Г.Ганболд, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, С.Ганбаатар, Д.Ганбат, Т.Доржханд, О.Цогтгэрэл нар бүрэлдэхүүнд нь ажиллаж байгаа Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат үргэлжилж байна.
Гурав дахь өдрөө үргэлжилж буй сонсголоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон “Тавантолгой түлш" ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаарх нотлох баримтыг шинжлэн судлах юм.
Шинжээчийн хэлж буйгаар "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ын гишүүд Улаанбаатар хотын утааг бууруулсан хэмээн өөрсдийгөө 1,1 тэрбум төгрөгөөр шагнажээ. Тухайлбал, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан 60,7 сая төгрөгийн цалин, урамшуулал, ТУЗ-ын гишүүн Л.Одхүү 114.2 сая төгрөгийн цалин урамшуулал, Утааны эсрэг ээж, аавууд ТББ-ын тэргүүн, Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Пүрэвхүү 72,3 сая төгрөгийн урамшуулал гэх мэтчлэн 29 хүн 1.1 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал авчээ.