"Кино Гүүр Хөгжлийн Холбоо"-ноос Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлтэй хамтран жил бүр зохион байгуулах “ХАРХОРУМ” Олон улсын кино наадмыг зохион байгуулах гэж байна. Хархорум кино наадам нь бүс нутгийн хил хязгаарыг давж, Төв Азийн эрч хүчит газар нутгийг өлгий болгон дэлхийн кино уран бүтээлчдийг нэгтгэх зорилгыг өвөртөлсөн билээ. Бидний алсын хараа бол дэлхийн өнцөг булан бүрээс кино бүтээгчдийг олон янзын түүх, соёл, кино урлагийн илэрхийллүүдээ энэхүү огтлолцолд нэгтгэхэд уриалан дуудаж, оролцоог нь хангасан, хүчирхэг платформыг бий болгох явдал юм. Ингэснээр бид дэлхий даяарх уран бүтээлчдийг өөрсдийн түүх, бүтээлээ хуваалцах таатай орон зайг бий болгох зорилт дэвшүүлсэн.
Кино уран бүтээлчдийг дэлхий дахинаа алдаршуулах нэгдмэл зорилгынхоо хүрээнд дэлхийн тавцанд Монголын кино урлаг, уран бүтээлчдийг таниулах, өргөмжлөх, кино урлагаар дамжуулан Монголын эдийн засагт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг мөн зорьж байна. Бид кино урлагт олон улсын стандартыг хэрэгжүүлж, киноны бизнесийг улс орныхоо болон дэлхийн хэмжээнд хөгжүүлэхийн төлөө ажиллана. Ийнхүү дэлхийн кино урлагийн олон янз байдлыг тэмдэглэнгээ Монголын кино урлагт онцгой анхаарал хандуулснаараа Хархорум кино наадам нь олон соёлыг нэгтгэж, урлагийн шилдэг бүтээлүүд мандаж, дэлхийн кино урлаг цэцэглэн хөгжих үр нөлөө бүхий харилцаа холбоог бий болгохыг хичээж байна.
2024 оноос эхлэн уг наадам нь жил бүрийн арваннэгдүгээр сард тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Наадамд сүүлийн хоёр жилийн хугацаанд бүтээсэн уран сайхны кинонуудыг "Шилдэг уран сайхны кино", сүүлийн 3 жилийн хугацаанд бүтээсэн баримтат кинонуудыг "Шилдэг баримтат кино"-ны болон “Тухайн жилийн сэдвийн шилдэг агуулгатай кино” гэсэн гурван нэр хүндтэй шагналын төлөө өрсөлдөхийг урьж байна. Тус наадам нь жил бүр Монголын болон олон улсын шилдэг кино мэргэжилтнүүдийн ур чадварыг нэгтгэж, кино урлагийн дээд амжилтыг хамтдаа тэмдэглэх эхлэлийг тавих юм.
“ХАРХОРУМ” Олон улсын кино наадмын 2023 оны сэдэв нь “Хүний эрх 75” (“HUMAN RIGHTS-75”) бөгөөд хүний эрх, үндсэн эрх чөлөөг сурталчлах, нийтлэг ойлголт, сэдэвчилсэн мэдлэгийг таниулах, кино урлагаар дамжуулан хүний эрхийг дээдлэх зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой. Учир нь дэлхий даяар хүний эрхийг дээдэлж, аливаа ялгаварлалаас ангид бүх талаар тэгш эрхтэй байхыг баталгаажуулсан Хүний эрхийн түгээмэл тунхаг батлагдсаны 75 жилийн ой энэ жил тохиож байна. Монгол улс НҮБ-д 1961 онд гишүүнээр элсэн орсон цагаас эхлэн энэхүү тунхгийг хэрэгжүүлж байгаа билээ.
Тиймээс шинэ кино наадам хүн төрөлхтний тэгш шударга эрхийн төлөө анхаарлаа хандуулсан шилдэг кинонуудыг үзэгчдэд толилуулахаар төлөвлөж байна. Энэ жилийн наадмыг зохион байгуулахад Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хүний эрхийн үндэсний хороо, Соёлын яам болон бусад байгууллагууд хамтран ажиллана.
Наадмын хүрээнд Уралдаант болон уралдаант бус хэсэг болон Гала хэсгийн кино үзвэр, нээлт, хаалтын ёслолын ажиллагаа, "Кино наадамд кино бүтээлийг бэлдэх нь" мастер класс, "Кино бүтээл туурвихдаа хүний эрхийг зөрчихгүй байх нь” Залуу киночдод зориулсан сургалт, "Кино урлагаар дамжуулан хүний эрхийг тунхаглах нь" форум зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулна.
“ХАРХОРУМ” Олон улсын кино наадам -2023 “Хүний эрх 75” (“HUMAN RIGHTS-75”)-д ирэх бүтээл нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хүйсийн тэгш байдал, эрүү шүүлтээс ангид байх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг иргэний болон улс төрийн эрхээс эхлээд хүүхэд, охид, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өндөр настан, бэлгийн, үндэстэн угсаатны, хэл шинжлэлийн цөөнх, цагаачид, дүрвэгсэд гэх мэт бүлгүүдийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх зэрэг Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тусгагдсан хүний бүх эрх, үндсэн эрх чөлөө, мөн Монгол улсын үндсэн хуулиар баталгаажсан үндсэн эрх болох амьд явах, сурч боловсрох болон бусад бүх эрхийг өгүүлсэн, хөхүүлэн дэмжсэн агуулгатай бүтээл байна.
Уралдаант хэсгээс гурван киног шалгаруулан “Хархорум” наадмын алтан цом, мөнгөн шагналаар шагнана.
Үүнд:
“Шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кино”,
“Шилдэг баримтат кино”;
"Хүний эрхийн агуулга бүхий шилдэг бүтээл"-ийн шагнал;
Өрсөлдсөн бусад кино Наадмын “Official selection”-ийн тэмдэг авна.
Түүнчлэн 2023 оноос эхлэн зохион байгуулж буй “Хархорум” олон улсын кино наадмын захирал нь Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга байх ба энэ жилийн хувьд Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал ажиллаж байна.
Тус кино наадмын уран бүтээлийн бодлого эрхэлсэн захиралаар Н.Цогтбаяр болон Хөтөлбөр боловсруулагч нараар Н.Цогтбаяр, Б.Онон, Мариа Разакамболи, Ким Ян Ву нар ажилласан бол шүүгчээр найруулагч, зохиолч Малколм Кларк (Оскарын шагналт найруулагч), жүжигчин Ким Хе На, кино зохиолч, найруулагч Н.Уранчимэг, жүжигчин С.Ариунбямба, хуульч Ч.Алтангэрэл нар ажиллана. Түүнчлэн 2023 оноос эхлэн зохион байгуулж буй “Хархорум” олон улсын кино наадмын захирал нь Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга байх ба энэ жилийн хувьд Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал ажиллаж байна.
“Хархорум” олон улсын кино наадмын үеэр буюу арванхоёрдугаар сарын 07-12-ны өдрүүдэд нийт 15 улсын 22 киноны 45 удаагийн кино үзвэрийг толилуулахаар төлөвлөж байна. Тэдгээр нь Венец, Пусан, Берлин, Токиогийн кино наадмын болон Оскарын шагналт найруулагчдын шилдэг уран бүтээл багтаж буй билээ. Харин наадмын уралдаант хэсэгт 9 орны 14 кино өрсөлдөж байна.
Наадамд Солонгосын алдарт найруулагч Чунг Жи Ян, найруулагч, продюсер Хан И, продюсер Жун Санг Мин, продюсер Эллен Ким, продюсер И Жонг Хо, продюсер, эвлүүлэгч Федерико Бежар, найруулагч Вахагн Хачатрян, кино найруулагч Арен Малакян, жүжигчин Стефани Ариэнн нар ирж оролцох юм. Иймээс Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчид болон үзэгчид дэлхийн томоохон кино наадмуудын захирал, хөтөлбөр боловсруулагчидтай уулзах боломжтой ба мастер класс, сургалтад нь хамрагдаж, нэр хүндтэй кино найруулагч нартай биечлэн уулзан ярилцах, зөвлөгөө авах боломж бүрдэх юм.
Ийнхүү “Хархорум” олон улсын кино наадам нь хүн төрөлхтний тэгш шударга эрхийн төлөө анхаарлаа хандуулсан шилдэг кинонуудыг үзэгчдэд толилуулахаар төлөвлөж байгаа төдийгүй наадмыг зохион байгуулахад Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хүний эрхийн үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Соёлын яам болон бусад байгууллагууд хамтран ажиллаж байна.