Нүүдэл гэхээр нэг малчин айл хаваржаанаас зусландаа гэрээ зөөгөөд буух нэг удаагийн ажил гэж ойлгож байвал тун гоомой явдал болно. Хэрэв л ингэж ойлгоход хүрсэн бол монголоо алдаж байгаагийн илрэл, гунигтай явдал.
Нүүдэл, нүүдэллэх ёс, нүүдэлчдийн ахуй, соёл, зан үйл бол байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах арга ухаан, зан суртахуун, ёс зүй, дэг журам, амар амгалан бөгөөд үеийн үед монгол хүний амьдралыг зогсолтгүй тээж яваа амин сүнс, аливаад шалгаран үлдэх, хараат бус, амьдрахуйн сонгодог загвар, оршихуйн дархлаа юм. Үүнийг Пүрвээгийн Баттулга "Нүүдлийн ай" гэж нэн оновчтой нэрлэжээ.
Ийнхүү нүүдлийн зан үйлд монголчууд, монгол олон ястны амьдралын хэв маяг, уламжлал, онцлог, амьдралынх нь элемент бүр тэр чигээрээ багтсан байдгаараа яалт ч үгүй их ой санамж, багтаамж бүхий гэрэл зургийн үзэсгэлэн олны хүртээл боллоо.
Тодорхой хэлбэл, биднээс өдөр өдрөөр алслан холдож сэтгэл хөндүүрлүүлэн буй нүүдлийн аж байдал, ахуй, соёлоо хайрлан хамгаалах, өвлүүлэх, танин мэдүүлэх зорилго, тэмүүлэл өвөрлөн 2019 оноос хойш жилийн дөрвөн улирлын турш хуанли эргүүлэн төлөвлөж, хаваржаа, намаржаа, зуслан, өвөлжөө даган аппарат үүрэн аяншиж, отор нүүдэлд осгоруутан зүтгэжээ. Фото сэтгүүлч Пүрвээгийн Баттулга асуудлыг хөндөх сэтгүүлч хүний үүрэг, уламжлал, өв соёлоо хайрлан хамгаалах журамт үүргээ хослуулан "Нүүдлийн ай" сэдэвт бие даасан үзэсгэлэнгээ ийнхүү Чингис хаан үндэсний музейд дэлгэлээ.