Монгол Улсын Төрийн дээд шагнал, Тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардаж аваад Морин хуурын чуулгын Ерөнхий удирдаач, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Дэлгэрсайханы Түвшинсайхан талархал илэрхийлж, үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ,
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч Танаа
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд Танаа
Эрхэм хүндэт Их Хурлын дарга танаа
Эрхэм хүндэт УИХ, Засгийн газрын гишүүддээ
Энэхүү хүндэтгэл, бахдал дүүрэн цаг мөчид их хүндэтгэл тээн энэ өргөөнөө хуран цугласан төр нийгмийн зүтгэлтнүүд Монгол үндэсний оюун сэтгэлгээний баялгийг бүтээн туурвигч эрдэмтэн мэргэд, урлаг соёл, түүх шашны болоод төр ёсны их хүндэтгэлийг хүлээсэн эрхэм зочид оо
Та бүхэнд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол үндэсний бахархлын өдрийн мэндийг дэвшүүлье. Суут Богд, их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдөр, энэ их алдраар овоглосон Монгол төрийн Тэргүүн зэргийн одон хүртэж байгаадаа Морин хуурын чуулгын үе үеийн уран бүтээлчид болон миний бие машид ихээр догдолж байна.
Хүн төрөлхтний буурал түүхэнд Монголчуудын буй болгосон үлэмж их өв уламжлал, оюун сэтгэлгээний үнэт зүйлс бүдгэрэх, мартагдах, сэргэх олон олон цаг үеийг гэтэлгэн энэ цагт өртөөлөн ирснээр Шинэ Монгол шинэ түүхэнд тодрон гэрэлтэн буй нь оюун санааны соёл уламжлалын асар их баялагтай, нөөцтэй ард түмэн гэдгийг дэлхийд хүчтэй мэдрүүлж буй нь дамжиггүй.
Үнэхээр бид их хувь заяанд өсөн өндийж, сурч боловсорч, бүтээн туурвиж яваагаа цаг хором бүр улам ихээр мэдэрч байна. Яг энэ мөчид энэ их өвийг төдийгөөс өдий хүртэл өвлөн тээж, дамжуулан залж ирсэн буурлууддаа, хэдий тэнгэрт дэвшсэн ч сэтгэлд минь, чихэнд минь үргэлж хамтдаа эгшиглэх их хүмүүн, нэрт хуурч, сурган хүмүүжүүлэгч, удирдаач Цэндийн Батчулуун багшдаа нийт монголын ард түмний талархал юуг хамтатган өргөе.
Монгол түмний түүхийн их аян нүүдлийн замд бүтсэн соёлын ололт, ахуй болон өргөн их уудамд тархан нутагшин уул ус, байгаль дэлхий, араатан жигүүртэн амьтдын үйл хөдлөлийг эгшгээр урнаар илэрхийлэх болсон нь уламжлалт урлаг хэмээгдэн энэ цагт түүхийг мэдрүүлэн байгаа бүхий зүйл болой.
Морин хуур бол энэ түүх соёл уламжлалыг өөртөө бүрэн шингээсэн онцлогтой хөгжим билээ.
Тэртээ Монгол оронд Ардчилсан хувьсгал өрнөж байсан цаг үед сэтгэл оюунаа чилээн энэхүү чуулгыг байгуулах гол санааг буй болгосон их бурхад болох 3 эрхэмд гүн их талархал дэвшүүлэхийг хүсэж байна. Алдарт хуурч Гомбодоржийн Жамьян, түүний шавь бидний их багш Цэндийн Батчулуун, бидний эгшиглэгээний эрхэм хүмүүн Нацагийн Жанцанноров хэмээх ачтанууд оюун санаангаа чилээн хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр бид энэ их алдрыг хүртэж буй нь маргаангүй үнэн.
Тиймийн тулд монгол хүний түүх, ахуй амьдрал, соёл сэтгэлгээний эгшгэн илэрхийлэл болох морин хуураа өвлөн уламжлах, дээдлэн хөгжүүлэх, дэлгэрүүлэн түгээх, эрдэмжүүлэн түүчээлэхийг бид эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 123 дугаар тогтоолоор байгуулагдан анхны тоглолтоо 1993 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Дуурь Бүжгийн Академик Театрт хийснээр монголчууд Морин хуурын чуулгатай болж улс үндэсний дархлаанд шинэ илэрхийлэл буй болсон төдийгүй монголын хөгжмийн урлагт хэдий танил мэт бодогдовч өөр өнгө төрх, дуугаралт бүхий найрал хөгжим үүссэн нь тун саяхны түүх.
Түүхэн 31 жилийн хугацаанд үндэсний уламжлалт бүтээлүүдээс гадна өрнийн болоод дорно дахины сэтгэлгээний онцлог шингэсэн баялаг урын сантай, мөн давхардсан тоогоор дотооддоо бүрэн хэмжээний 5 мянга гаруй, дэлхийн бусад 20 гаруй орны тайзнаа 600 гаруй тоглолтыг толилуулсны дээр олон арван нэр хүндтэй уран бүтээлчидтэй хамтран бүтээл туурвисан байна.
Бид нэгэн түүхэн шинэ цагийн мөчлөг дээр улс үндэснийхээ итгэл, хайрыг хүртсэндээ догдлол дүүрэн байгаа хэдий ч үеийн үед, мөнхийн мөнхөд өөрсдийн ур чадвар, авьяас билиг, оюун чадамжаа улам улмаар бататган хөгжүүлж, монгол хүний чадамжийг хүчтэйгээр сурталчлан түгээх сэтгэл бат дүүрэн байгаагаа илэрхийлэхийн ялдамд биднийг байнгад дэмжин байдаг Монголын төр, нийт ард түмэндээ, шантаршгүй, мятаршгүйгээр баттай ард тал нь болсон ээж аавууд, гэр бүл, үр хүүхдүүдэд нь маш их баярлалаа.
Монгол төрийн өлмий бат оршин Монгол түмний хийморь өөдөө байхын ерөөлийг өргөн дэвшүүлж ирэх цагт аливаа бүхэн яруу сайхнаар нийт сайн амгалан болтугай гэлээ.