Хятад Казахстаны Засгийн газар хоорондын харилцан визгүй зорчих хэлэлцээр хэрэгжиж эхэллээ. Арваннэгдүгээр сарын 13-наас Шиньжяны Хоргос боомтын хилийн нэгдсэн хяналт шалгалтын газар анхны зорчигчдоо хүлээн авсан байна. Өнгөрөгч тавдугаар сард Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт-Токаев БНХАУ-д төрийн айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Хятадын Ши-ань хотноо Казахстан, Хятад хооронд визгүй зорчих тухай хоёр орны засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулжээ. Хэлэлцээр ёсоор энгийн болон албан пасспорт, зорчих бичиг баримттай БНХАУ-ын иргэд, мөн энгийн пасспорттай, эх орондоо буцах бичиг баримттай Казахстаны иргэд хувийн болон албаны шугамаар, бизнес, аялал жуулчлал, эмнэлэгийн үйлчилгээ, олон улсын тээвэр зэрэг зорилгоор харилцан визгүй зорчих боломж бүрдсэн юм.
Хилээр орох, гарах, дамжин өнгөрөх хугацаа нь хил нэвтэрсэн өдрөөс хойш 30 хоног хүртэл, 180 хоног тутамд 90 хоног хүртэл хугацаагаар визгүй оршин суухыг зөвшөөрсөн байна. Ийнхүү визгүй зорчиж эхэлснээр, хилээр орж, гарах иргэдийн урсгал эрс нэмэгдэх бөгөөд Хятадад ирэх казах иргэдийн тоо өдөрт 300 байгаа бол, цаашид 1000-1500 болж нэмэгдэх төлөвтэй гэж мэдээнд дурджээ.
Эх сурвал: Хятадын төв телевиз