Соёлын сайд Ч.Номин Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Л.Хосбаяр, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин шинээр томилогдсон нийслэлийн удирдлагуудад амжилт хүсэж, соёлын салбарын шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулж, үүний дотор бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэл хоттой хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлж, соёлын орчин, орон зайг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.
Мөн дүүргүүдийн соёлын ордны үйл ажиллагааг идэвхжүүлэх, салбар дундын уялдааг хангах, соёлын боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар санал солилцлоо. Түүнчлэн 11-р сард зохион байгуулагдах “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд соёлын боловсролын хөтөлбөрийг 330 сумын соёлын төв, нийслэлийн соёлын ордноор дамжуулан хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар ярилцаж, санал солилцов.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 он үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Бүх нийтийн соёлын боловсрол” арга хэмжээний төлөвлөгөөг 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн Соёлын сайдын 2023 оны А/152, БШУ-ны сайдын А/195, ХНХ-ын сайдын А/57, ЦХХХ-ны сайдын А/40 дугаартай хамтарсан тушаалаар баталсан.
Энэхүү арга хэмжээний хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэл хоттой хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлж, соёлын орчин, орон зайг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.