Улс орон даяар өрнүүлсэн “Соёлын сэргэлт” аян амжилттай өндөрлөлөө хэмээн Соёлын яамныхан дүгнэж байна. Зургаан сарын турш үргэлжилж, эх орноо хөндлөн гулд хэрж, 91 531 км зам туулсан эл аян Монгол хүний сэтгэлийн галыг асааж, төрөлх зөн, билгийг сэргээсэн хэмээн тэд тодорхойлсон. Уг аяны хаалт өнөөдөр Чингис хаан үндэсний музейд боллоо. Энэхүү үйл ажиллагааны эхэнд Соёлын сайд Ч.Номин “Соёлын яам, түүний харьяа байгууллагууд таван бүсийн зохион байгуулалтад орж, соён гэгээрлийн илтгэл тавьж, урлагийн тоглолтоо дэлгэлээ. Мөн соёлын ажилтныг чадавхжуулах сургалт, соёл, боловсрол, урлагийн болон музейн хөтөлбөртэйгөөр аялж, ажиллаж хагас жилийг ардаа үдлээ. Мөн бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн, сургалт, номын өдөрлөг, гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг соёл, урлагийн баялаг хөтөлбөртэйгөөр нийт 1303 хүний баг бүрэлдэхүүн нийслэл, 21 аймаг, 329 сум, 15 тосгонд амжилттай ажиллалаа. Үр дүнд нь 373,048 хүнд танхимаар соёл, урлагийн үйлчилгээг хүргэж, давхардсан тоогоор 5,2 сая цахим хандалтад хүрсэн байна. Аяныг дэмжиж Монгол Улсын нэр хүнд бүхий соён гэгээрүүлэгчид “Үндэсний нэгдмэл үнэт зүйл” сэдвээр илтгэл лекц тавьж, чөлөөт уран бүтээлчид урлагийн тоглолтоор дэмжлэг үзүүлж оролцсонд баярлалаа” гэж онцоллоо.
Монгол Улсын Засгийн газар шинэ сэргэлтийн бодлогоо тодорхойлохдоо, мөн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө "Бүх нийтийн соёлын боловсрол"-ыг дээшлүүлэх төлөвлөгөө баталсан. Улмаар хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх, орон нутаг дахь соёлын ажилтнуудын чадавхжуулах, соёл, урлагийн үйчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор "Соёлын сэргэлт-2023" аяныг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан юм.
Монгол Улсын Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд соёлын салбар манлайлал үзүүлж, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зорилгоор улсын хэмжээнд орон нутгийн бүх нэгждээ хүрч ажилласан. Улмаар орон нутгийн иргэдийн соёл, урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, үндэсний хэмжээний харьяа байгууллага, орон нутгийн соёлын байгууллагын харилцаа уялдаа холбоо сайжирч, харилцан туршлага солилцсон соёлын ажилтнуудын чадавх сайжирсан үр дүн гарчээ.