Увс аймгийн Сагил сум дахь хилийн хэсэгт энэ сарын 17-ны үүрээр Тувагийн талаас хил зөрчсөн иргэн бууны суманд өртөн амиа алдсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Манай хилийн цэргийнхэн ОХУ-ын хилийн төлөөлөгчидтэй уулзан энэ асуудлаар мэдээлэл солилцож, амиа алдсан иргэнийг хэн болохыг тогтоосон гэнэ. Тува улсын иргэн, 1988 онд төрсөн К гэх эр хилчдийн суманд өртсөн байна. Тэрбээр өмнө нь ОХУ, Монгол Улсын хилийн боомтоор удаа дараа зөвшөөрөл авч нэвтэрч байсан нэгэн аж. Хил зөрчиж, мал хулгайлахаар орж ирээд ийн амиа алдсан, хамт явсан хоёр хүнийг нь ОХУ-ын хилчид, холбогдох хуулийн байгууллагынхан олж тогтоосон гэдгийг ч эх сурвалжууд хэлж байна.
Тэгвэл ХХЕГ-аас энэ талаар албан ёсны мэдээлэл өгсөн юм. Түүндээ “Хилийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсэгт, улсын хилийн ... дугаар тэмдгийн орчимд энэ сарын 17-ны шөнө адуу тургих чимээ гарсныг хилийн манааны цэргүүд илрүүлэн, анхааруулах дохио өгсөн. Монгол Улсын Хилийн тухай хуулийн 48.1.5-ын “Улсын хил хамгаалах байгууллагын хамгаалалтад байгаа объектод хүч хэрэглэн халдсан, халдахыг завдсан” гэсэн заалтын дагуу тухайн чиглэлд нам доор газраас уулын өөд буудахад хил зөрчсөн ОХУ-ын нэг иргэн суманд оногдож нас барсан байна. Үүссэн асуудалтай холбогдуулан хилийн дэглэмийн гэрээг үндэслэн ОХУ-ын талтай хилийн уулзалт зохион байгуулж, хамтарсан шалгалт явуулахад хилийн ... дугаар тэмдгийн чиглэлээр тус улсын талаас Монгол Улсын тал руу морин уналгатай гурван хүн мал хулгайлах зорилгоор хил зөрчиж, инженерийн торон саадыг тасалсан, морьтой хоёр хүн тухайн чиглэлээр буцан гарч хил зөрчсөн нь тогтоогдсон.
Зөрчил болсон газрын орчимд буюу хилээс нэг км зайд хариулгагүй 39 тооны адуу байсныг илрүүлэн шалгахад холоос тууж ирсэн нь тодорхой болсон. Тодруулбал, эл адуун сүргийн азарганы хүзүүнд байршил тогтоогч төхөөрөмж (GPS) бэхэлсэн байсан агаад улсын хилээс 15 км зайд бэлчиж байхад нь энэ сарын 16-17-нд шилжих шөнө тасралтгүй туун аваачсан нь тогтоогдоод байна. Мөн улсын хилээс зургаан км зайд байдаг айлын эзэнгүй өвөлжөөнд автомашинтай хүмүүс тухайн адууг хашсан байсан нь уг төхөөрөмжийн мэдээллээр тодорхой болж буй. Өөрөөр хэлбэл, хоёр улсын иргэд үгсэн тохиролцож, улсын хил дамнуулан мал хулгайлахыг завдсан байж болзошгүй учраас Увс аймаг дахь хууль хяналтын байгууллагууд хамтран шалгалтаа үргэлжлүүлж байна” хэмээсэн юм.
Увс аймаг дахь цагдаа, тагнуулын байгууллагынхнаас энэ талаар тодруулахад “Шалгалтын ажиллагаа явуулж байна. Одоогоор хэн нэгнийг холбогдуулан шалгаагүй” гэлээ.