Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа инженер хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Тухайлбал, Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах үүднээс Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилт төслөөр нийт дөрвөн цэцэрлэг, гурван сургуульд дулаалгын ажил хийжээ. Үүнээс зургаан байгууллагын дулаалгын ажил бүрэн дууссан бол нэг сургуулийн дулаалгын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар боловсролын салбарт нийт 65 төсөл арга хэмжээнд их засвар хийхээр баталсан. Эдгээр төслөөс 28 нь нээлттэй сонгон шалгаруулалтаар, 37 нь харьцуулалтын аргаар тендер зарлажээ.
Жаргалант тосгоны эмнэлгийн дээврийг засварлах шаардлагатай байна
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хувьд 190 арга хэмжээ төлөвлөснөөс 94 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж буй. Үүнээс урсгал засварын 150 ажил 88 хувийн гүйцэтгэлтэй бол автомашин, тээврийн хэрэгслийн болон бусад ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс Нийслэлийн Түргэн тусламжийн Хан-Уул дахь салбарын гадна фасад, бохирын шугам, цэвэр усны шугам татах ажил дууссан. Мөн тус дүүргийн эрүүл мэндийн төвийн барилгын Б блокийн гадна фасад тохижилтын ажил дуусжээ. Одоо Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн халуун усны шугамын ажил үргэлжилж байгаа юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын зүгээс Жаргалант тосгоны эмнэлгийн дээврийн засварын ажилд анхаарах шаардлагатай байгааг онцолж байв.
Парк шинэчлэл хийж, өвөл автобус хөлдөх, зогсох эрсдэлийг бууруулжээ
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг тус газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир танилцуулав. Тэрбээр “Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилт 76 хувьтай байна. Парк шинэчлэлийн буюу нөхөн хангалт төрийн хоёр аж ахуйн нэгж дээр 52 хувьтай байгаа. Есдүгээр сарын 26-ны байдлаар 80 дизель автобус шинээр орж ирсэн. Манай салбарын хувьд нийтийн тээврийн хувийн хэвшлийн баазууд бэлтгэл ажлаа хангачихсан. Есдүгээр сарын 15-наас нийтийн тээвэр өвлийн хуваарьт шилжээд байна. Зуны цагтаа гаралтаа хасаад хэмнэлт хийсэн бөгөөд уг хэмнэсэн мөнгөө өвлийн цагтаа зарцуулна” гэлээ.