“Таван толгой” түлш, Эрчим хүчний яамныхан БНХАУ-аас 170 тэрбум төгрөгөөр импортолж буй хагас коксжуулсан нүүрс, зориулалтын асаагчийн талаар дараах тайлбарыг өглөө. Тодруулбал,
- Улаанбаатарын иргэд 2035 он хүртэл нүүрсний хэрэглээг халах ямар ч боломжгүй. Учир нь гэр хорооллын бүх айлуудыг цахилгаанаар халаая гэсэн ч цахилгаан станцуудын хүчин чадал дийлэхгүй.
- Мөн айлуудыг орон сууцжуулах, дэд бүтцийн асуудлыг шийдэхэд 10-20 жилийн хугацаа шаардана. Тиймээс “Гүүр” хугацаа буюу ойрын 10-20 жилдээ нүүрс түлсээр байх болно гэв.
Хагас коксжуулсан нүүрсний тоосонцор, хүхэрлэг хий нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд байхдаа нэвтрүүлсэн сайжруулсан шахмал түлшнийхээс хоёр дахин бага.
Тиймээс ирэх өвөл иргэдээ хүхрийн хийд хордуулж алахгүйн тулд хагас коксжуулсан нүүрсийг БНХАУ-аас импортолж, туршиж үзэх аж. Эл туршилт амжилттай болбол Монгол Улсад хагас коксжуулсан нүүрсний үйлдвэр барина гэдгийг албаныхан онцоллоо.