Манай улсад аялсан Канад охин ааваас нь үлдсэн үнэт зүйл, хайртай бамбаруушаа гээсэн тул олж өгөхийг хүссэн тухай мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд цахим орчинд түгсэн. Тэгвэл түүний бамбаруушийг Өмнөговь аймгийн Сэврэй сумаас олж, сумын Засаг дарга Улаанбаатарт хүргэн иржээ. Мөн Канад улс руу бамбаруушийн эзэн охинд хүргэх бүсгүйд хүлээлгэн өгсөн тухайгаа өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.
Тодруулбал тэрбээр, "Бамбаруушийн эзэн охин Канад улсын иргэн юм байна. Бамбаруушыг аав нь бэлэглэсэн аавыг нь орлож үлдсэн ганц хайртай тоглоом юм байна. Охин Монголоор аялах үедээ тоглоомоо Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг алдарт Хонгорын элсний ар хормой дахь Жуулчин говь 2 бааз дээр орныхоо ар хөндийд унагаад мартаад явсан бөгөөд тоглоомоо олохоор зар тавиулсан нь Сайхан сэтгэлт Монгол түмэн олж өгч өнчирсөн сэтгэлийг нь дэвтээх юм сан гэж санаа тавьж байлаа. Жуулчин говь 2 баазын У.Баярсайхан, Ж.Отгонжаргал нар орны араас олж Улаанбаатар хүргэж эзэнд нь хүргэж өгөх үүрэг хүлээсэн юм аа. Гэр бүлийн хамт уг тоглоомыг үнэр нь гарчих ви гэж гялгар уутанд хийж хямгадан явсаар Канад улс руу бамбаруушийн эзэн охинд хүргэх бүсгүйд хүлээлгэн өгөв. Бамбарууш удахгүй эзэндээ хүрч охин баярлах байхаа. ( Зураг авхуулахгүй гэсэн ) Энэ тоглоом нэг охины хувийн хэрэг хэдий ч Монголчууд зөв зүйлд хүн хүнээ хайрлах, өрөвдөх, туслах, нинжин сэтгэл гаргах, гээд ямар их агуу сэтгэл гаргаж чаддаг гэдгийг баталж чадсан үйл боллоо" хэмээв.