Засгийн газраас хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, нийслэлд гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх тогтоол баталсан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Боловрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ахалж буй. Одоогоор нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургуулийн 33 гаруй мянган хүүхдийн суудлыг шийдвэрлэх, ачаалал өндөртэй 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах шаардлагатай байгаа аж. Тиймээс Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар хэлэлцсэн юм байна. Улмаар энэ онд ашиглалтад оруулах боломжтой ч улсын төсөвт үлдэгдэл болон нэмэлт санхүүжилтийг нь тусгаагүй зарим төсөл, арга хэмжээний эх үүсвэрийг 2024 оны төсвийн төсөлд тусгах, зарим цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн барилгын давхрын тоог нэмэгдүүлэх боломжийг судлах үүргийг холбогдох сайд нарт өгчээ. Мөн шаардлагатай бол боловсролын салбарын барилга байгууламжийн стандарт, норм дүрэмд холбогдох өөрчлөлт оруулах аж.