Аймгуудаас Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ Дорноговь анхдагч. Тодорхой хэлбэл, тус аймгийнхан Сайншанд сумд "Мандах наран-I" хорооллыг 2018 онд ашиглалтад оруулж, иргэддээ түрээслээд өмчүүлсэн. Улмаар "Мандах наран-II, III", Замын-Үүдэд "Мандах наран-IV" хорооллуудыг байгуулсан. Өдгөө "Мандах наран-V" хорооллыг бүтээн байгуулж буй. Тус хорооллыг наймдугаар сарын 1 гэхэд улсын комисст хүлээлгэж өгөх юм байна. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өнөөдөр "Мандах наран" хорооллын бүтээн байгуулалттай танилцлаа.
Тэрбээр "Дорноговь аймгийн ЗДТГ, нутгийн зөвлөлтэй хамтран төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд иргэдээ хямд өртөгтэй орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлж байна. Түрээсийн орон сууц хөтөлбөрийг манай аймгийнхан нэлээд амжилттай хэрэгжүүлж буй. Үүнээс гадна хамгийн сайн багш, эмчийг орон нутагтаа урьж ажиллуулах журам гаргасан. 10 багш, 10 эмч нийт төрийн 20 албан хаагч сонгон шалгаруулж авах юм. Багш, эмчийн гэр бүлийг ажлын байраар хангана. Ингээд таван жил ажилласан багш, эмч түрээсийн байраа бэлгэнд авна. Шинэ хорооллын 250 байрыг нь түрээсэлж, 280-ыг нь ипотекийн зээлээр олгож, үлдсэнийг нь арилжааны журмаар борлуулна. Ирээдүйн хүн амын өсөлт, түгжрэлээ тооцоод жижиг орон сууц барьж буй. Түрээсийн орон сууцны үнэ хямд. Ам.метр нь 1.7-1.9 сая төгрөг байна. Бид эхний ээлжид зорилтот бүлэг буюу төрийн албан хаагч, залуу гэр бүл, малчид, өрх толгойлсон эцэг, эх, ахмадуудаа орон сууцад оруулна. Тиймээс аймгийн ИТХ-ын 12-р хуралдаанаар журамд өөрчлөлт оруулсан" гэлээ.