Швейцарын Холбооны Улсын Женев хотноо наймдугаар сарын 15-20-ны өдрүүдэд болох НҮБ-ын Конвенцын Хорооны 29 дүгээр хуралдаанд Засгийн газрын ээлжит 2 болон 3 дугаар тайланг хэлэлцүүлнэ. Дээрх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Засгийн газраас баталсан. Энэ хүрээнд тайланг эцэслэн боловсруулан хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж, салбар дундын ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралджээ. Тайланг хэлэлцүүлэх салбар дундын ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар ахлан явах юм.
Монгол Улс 2008 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц, түүний нэмэлт протоколыг соёрхон баталж, конвенцын үзэл баримтлал, зарчимд нийцсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг батлан хэрэгжүүлж байна. Конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын анхны тайланг 2011 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороонд илгээж, 2015 онд хэлэлцүүлсэн бөгөөд 2 болон 3 дугаар нэгтгэсэн тайланг НҮБ-ын Хүний эрхийн хорооноос ирүүлсэн 54 богино асуумжийн дагуу боловсруулан 2019 онд НҮБ-д хүргүүлсэн.