Улсын Их Хурлын чуулганы 2023 оны долдугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийг баталсан. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгтэй байхаар заасан.
Хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх зорилгоор яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн “Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг”-ийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн холбогдох удирдлагууд уулзалт хэлэлцүүлэг хийлээ. Уулзалтын хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь “Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг”-ийн бүтэц, бүрэлдэхүүн, төсвийн төслийн мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлэхээр болов.