Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулдаг байгууллага Монголд хэд байдаг бол. Тэд хэрхэн ажилладаг, ямар үйлчилгээ үзүүлдгийг сурвалжлахаар Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоог зорилоо. Энэ нь 11 400 орчим гишүүнтэй, үндэсний хэмжээний байгууллага юм.
Улаанбаатарт харааны бэрхшээлтэй хүнд зориулсан хөтөч зам тааралдах нь ховор. Харин тус холбооны байрны эргэн тойронд хөтөч замын хавтангуудыг анхааруулах, чигээрээ алхах зэргээр чиглэлийнх нь дагуу тавьжээ. Дотогш орвол холбооны гишүүд бие биеэ таарвал дуугаар нь таниад, мэнд мэдэцгээж байлаа. Төв байр нь хуучин хоёр давхар байшинд байрлах агаад гадна талбайн тохижилтын ажлыг удахгүй эхлүүлэх гэж буйгаа тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ренчиндорж танилцуулсан юм. Тэрбээр “Хараагүй хүн хөтөч замыг таягаараа тэмтэрч явдаг. Харамсалтай нь, манайд энэ замыг стандартын дагуу тавьдаггүй. Үүнээс нь болж иргэд шон мөргөж, нүхэнд унан, аминд нь аюул учирсан тохиолдлууд бий” гэв. Холбооны байрны хажууханд ахуйн хэрэгсэл хийдэг цех, МСҮТ, бариа заслын төв, спорт танхим ажилладаг аж. Харааны бэрхшээлтэй хүүхэд хамрагдах боломжтой цэцэрлэг ч байна. Захиргааны байрны нь зүүн талд хоёр давхар барилга байх нь гэр ахуйн хэрэглээний зүйлс үйлдвэрлэдэг цех нь. Тэнд “Мазаалай” ариун цэврийн цаас үйлдвэрлэдэг юм билээ. Мөн эсгий хийж, түүгээрээ ахуйн хэрэглээний зүйлсийг бэлтгэн, зах зээлд нийлүүлдэг аж. Хоёрдугаар давхрын шатны хажууханд байрлах том өрөөнд ажил ид өрнөж байлаа. Энэ удаа тэд захиалгаар шүүр хийж байгаа гэнэ.
МСҮТ нь гар урлал, кофе бэлтгэгч, эмчилгээ болон бариа засал, хөгжмийн, мэдээлэл технологи гэх зэрэг ангитай. Багш нарын 90 хувь нь харааны бэрхшээлтэй, магистр болон түүнээс дээш зэрэгтэй аж. Тус төвийн сургалтын албаны дарга У.Саруултуяа “Хараагүй хүн мэргэжлээрээ ажиллахад асуудал төдийлөн тулгарахгүй. Гэхдээ кофе бэлтгэгч хийхэд кассын машин хэрэглэж, бэлэн мөнгөөр төлбөрийг нь авдаг. Ийм тохиолдолд зарим үйлчлүүлэгч хөгжлийн бэрхшээлтэйгээр нь далимдуулан тооцоогоо дутуу хийх зэрэг хүндрэл тулгардаг. Тиймээс зарим хүн 2-3 сар ажиллаад явчих нь бий. Үйлчлүүлэгчид тэднийг үл тоох, ялгаварлах, дээрэлхэх нь элбэг” гэв. Дээрх төвийн мэдээллийн технологийн багш “Зурган мэдээлэл боловсруулахад хэцүү байдаг. Харин текст, код бичихэд асуудалгүй. Бичиж байгаа зүйлийг нь үсэг, үсгээр нь дуудаж өгдөг программыг бид өргөн ашигладаг” хэмээлээ.
Улсын хэмжээнд хараагүй хүнд зориулсан хэвлэмэл материал олшруулах зориулалттай ганц үйлдвэр, брайл үсгийн номын сан энд бий. Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн сурагчдын сургалтын материал болон уран зохиолын номыг хянан тохиолдуулж үйлдвэртээ хэвлэдэг. Эдгээр ажлыг нийгмийн ажилтан нь хариуцдаг юм байна. Тэрбээр “Харахгүй юм чинь юу хийж чадах вэ гэдэг ойлголт олон нийтэд түгээмэл. Гэтэл хараагүй хүн хаана ч ажиллах боломжтой” хэмээв. Хэвлэх үйлдвэрийн зэргэлдээ байрладаг холбооны спорт танхимд хүмүүс бэлтгэл хийж буй бололтой чимээ ихтэй аж. Хонхот бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох Хан-Уул дүүргийн багийнхан тэнд бэлтгэл хийж байв. Тус холбооны шигшээ багийн тамирчин Б.Ганбат “Бид олон улсын чанартай тэмцээнээс шагналт байр эзэлж байгаагүй. Гэсэн ч үндэсний шигшээ баг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгвэл улсаас дэмжлэг авах боломжтой. Ер нь паралимпийн спортыг манай улс ялгаварладаг. Жишээлбэл, дүүргээс зохион байгуулж буй тэмцээнд түрүүлэхэд багт 100 мянган төгрөг л өгдөг. Харин бусад төрлийн спортын тэмцээний шагнал нь биднийхээс өндөр” гэсэн юм.
ИЖИЛ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСТЭЙ ЯРИЛЦАХДАА ГЭРИЙНХЭНДЭЭ Ч ХЭЛЖ ЧАДДАГГҮЙ ЗҮЙЛЭЭ УУДАЛДАГ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэгдэн, үйл ажиллагаа явуулдаг “Түгээмэл хөгжил” ТББ бол бидний очсон дараагийн газар. Тус төвийг 2010 онд байгуулж, бие даах, нийгмийн оролцооны, боловсролын, хүртээмжийн зэрэг хөтөлбөр хэрэгжүүлж байна. Бие даах хөтөлбөртөө хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулахыг зорьдог аж. Нийгмээс орхигдон, хаалганы цаана хүчирхийлэлд өртөх нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгардаг түгээмэл асуудлуудын нэг. Тиймээс дээрх байгууллагаас хувийн туслах үйлчилгээ нэвтрүүлжээ. Хувийн туслах нь тухайн иргэний төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу очих газарт нь хүргэх, авах, хувцсыг нь өмсүүлэх, тэргэнцэрт нь суулгах зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Төлбөрийнх нь 90 хувийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, 10 хувийг нь үйлчилгээ авч буй иргэн төлдөг гэнэ. “Түгээмэл хөгжил”-ийн хувийн туслахын үйлчилгээний зохицуулагч Г.Номин-Эрдэнэ “Үйлчилгээ авах иргэд, ажилчдын цагийн хуваарийн төлөвлөгөөг гаргах, бүртгэх гэх мэт ажлыг гурван хүн хийдэг. Тэд өдөрт 8-9 цагийг уг ажилд зарцуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг гадаад байдлаас нь болж ялгаварлах үе бий. Хүн болгоны ялгаатай байдлыг ойлгон, хүлээж авдаг байгаасай. Хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгмийн харилцаанд саадгүй оролцоход туслах дэд бүтцийг хүртээмжтэй, стандартын шаардлага хангасан байдлаар бүрдүүлээсэй гэж хүсдэг” хэмээв.
Тэд төвдөө дараагийн хэрэгжүүлэх хөтөлбөрүүдээ ярилцан, төлөвлөгөөгөө боловсруулж байлаа.
Бие даан амьдрах хөтөлбөрийн менежер Т.Урантөгстэй энэ үеэр цөөн хором ярилцсан юм.
-Танай төв сэтгэлзүйчтэй хамтран ажилладаг уу. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг уу?
-Сэтгэлзүйчтэй хамтарч ажиллах нь өртөг өндөртэй. Сэтгэл зүйн асуудлаасаа хамаараад цаг хугацаа их зарцуулна. Үнэндээ эрүүл явж байгаа хүнээс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар тулгарч байгаа асуудлыг маань ойлгодоггүй. Харин төвдөө ижил бэрхшээлтэй хүмүүстэй ярилцахад гэрийнхэндээ ч хэлж чаддаггүй зүйлээ уудалдаг. Тулгарч буй асуудлынхаа талаар ярилцдаг өдөр бидэнд бий. Ярилцсан зүйлсээ гадагш нь задруулахгүй, нэгнийгээ ярьж байхад таслахгүй гэх мэт журамтай. Гэнэт хөдөлж ч чадахаа больсон хүний сэтгэл зүй хүнд байдаг. Түүнийгээ даван туулахад ч амаргүй. Амиа хорлох гэж оролдох нь ч бий.
-Нийгмийн харилцаанд бие даан оролцоход голчлон ямар бэрхшээл тулгардаг вэ?
-Хөгжлийн бэрхшээлийг үүсгэж байгаа зүйл нь тухайн хүн биш, нийгэм байдаг. Гадаад орчны саад бэрхшээлээс үл хамаараад, хүмүүсийн харилцаа, хандлага хөгжлийн бэрхшээлийг үүсгэдэг. Гудамжаар явахад хэчнээн хүртээмж муу байсан ч дэд бүтэц, бүтээн байгуулалтыг хүн л хийдэг. Зөв хандлагатай хүн налуу замыг стандартын дагуу хийж, жолооч автобусаа замын хажуу руу шахаж зогсоогоод, налуу замаа дэлгээд өгөх жишээтэй. Нийтийн тээврээр үйлчлүүлэхэд монголчууд маань тал, талаас нь өргөөд оруулчихдаг. Гэхдээ хүчтэй өргөснөөс нуруу гэмтэх, унах, тэргэнцэр эвдрэх гэх мэт асуудал гардаг. Мөн автобусанд хөгжлийн бэрхшээлтэй хүний байрлах газар зарим нь зогсчихоод төвөгшөөх, үл тоох нь бий.
“АЖИЛД АВАХЫН ӨМНӨ СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ, БЭЛДДЭГ”
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин үйл ажиллагаа явуулдаг бас нэг байгууллага бол“Тулах цэг” ТББ юм. 2019 онд байгуулагдсанаасаа хойш Боловсрол, сэтгэл судлалын академитай хамтран сэтгэл зүйн сургалт болон захиалгат оёдлын үйл ажиллагаа эрхэлж иржээ. Үүсгэн байгуулагч М.Маргад “Би унаж, татах эмгэгтэй. Манайд ихэвчлэн сонсгол, хэл ярианы, тулгуур эрхтний бэрхшээлтэй, унаж, татах эмгэгтэй хүмүүс ажиллаж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэртээ тусгаарлагдмал орчинд байдаг. Тиймээс ажилд авахын өмнө сэтгэл зүйн зөвлөгөө өгч, бэлддэг. 19 хүнийг тогтмол ажлын байраар хангаж байгаа. Гэхдээ ажиллах орчны хүрэлцээ муугаас 8-9 нь гэртээ захиалгаар хувцаснуудаа оёдог. Орчин нөхцөл тааруу, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан талбайгүй зэргээс үүдэн ажиллах байрны олдоц муу” гэв. Тэд хүүхдийн биеийн тамирын хослол, бүжгийн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хувцас зэргийг захиалгаар оёдог аж. Ажилчдын цалин дунджаар 1-1.5 сая төгрөг гэнэ. Өдөрт 120 ширхэг захиалгыг эздэд нь хүлээлгэн өгдөг юм байна. Ар гэрийнхэнтэй нь ярилцаж, тухайн хүний биеийн байдалд тохирсон ажил олгодог. Ажиллах хүсэлтэй хүмүүс болон хамтрах байгууллагуудын санал олон ирдэг байна. Гэвч маркетинг муу байгаагаас үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй буйг ярилаа.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн