Украин дахь хямралыг зохицуулах талаар гаргаж буй санаачилга, Фолклэндийн арлуудын эргэн тойронд үүссэн маргаанд хөндлөнгөөс оролцож буй байдал зэрэг нь Бээжингийн гадаад бодлогод ихээхэн өөрчлөлт гарч буйг гэрчилнэ. Хятадын дипломатчдын хийдэг мэдэгдэл тун саяхан болтол болгоомж сэрэмж бүхий байсан бол одоо тэд нэлээд өдсөн аястай байх болж хэмээн шинжээчид үзэж байна. Үүний жишээ болгож Аргентинээс Британи булааж авсан алс холын арлуудын асуудлаар Хятадын хийж буй мэдэгдлүүдийг эш татаж байна. Энэ нь дэлхийн тавцанд Хятадын гүйцэтгэх үүрэг ихэд өөрчлөгдөж байгаагийн илэрхий шинж тэмдэг юм. Чухам ямар өөрчлөлт гараад байна вэ.
НҮБ-д суугаа Хятадын байнгын төлөөлөгч Гэн Шуан өнгөрсөн долоо хоногт нэгэн санаачилга гаргалаа. Тэрбээр Мальвинийн гэж Буэнос-Айрес нэрлэдэг Фолклэндийн арлуудын хувь заяаны талаар Аргентин, Британи хоёрыг яриа хэлэлцээрээ шинэчлэхийг уриалав. Аргентиний эргээс 600 километр зайд байдаг бүлэг арлын талаар ярьж буй хэрэг. Уг арлыг аргентинчууд хийгээд британичууд булаацалддаг. Гэхдээ түүний төлөө 1982 онд хийсэн байлдаанд Британи ялж, одоо хэр нь түүнийг эзэмшиж буйюм. Британи 2013 онд болсон бүх нийтийн санал хураалтын дүн рүү заачихаад арлын тухай яриа хөөрөөг шинэчлэхээс татгалзсаар ирсэн юм. Тэгэхэд Фолклэндийн оршин суугчдын 99.8 хувь нь тэр газраа Нэгдсэн хаант улсын бүрэлдэхүүнд байлгахын төлөө саналаа өгчээ.
Одоо Буэнос-Айресийн байр суурийг Бээжин илэрхий дэмжиж байгаа төдийгүй Аргентин, Британийн нутаг дэвсгэрийн маргааныг Өрнөд, Өмнөдийн харилцааг зарим талаар тодорхойлдог колоничлолын эсрэг өргөн цар хүрээтэй яриан хэлэлцээнд оруулаад ирэв.
“Фолклэндийн арлуудын асуудал нь колоничлолын түүхэн өв юм. Колоничлолын эрин төгссөн ч түүнд тохирсон жанжлах, эрх сүрээр далайлгах бодлого нь өнөөдөр ч байсаар” гэж Гэн Шуан мэдэгджээ.
Ийм маягаар дэлхийн хоёр дахь хэт их гүрний дэмжлэгийг Аргентин авлаа. Энэ тохиолдолд Өрнөд хийгээд Британийн эсрэг Ар гентин биш, харин Британи, Өрнөд нь дэлхийн олонхын эсрэг байгааг бид харж байна. Дэлхий дахины улс төр, мэдээллийн тавцанд хүчний хуваарилалт эрс өөр болж байна. Зэрвэс харахад Хятад яагаад ийм алхам хийж байна вэ гэдэг нь тодорхой. Бүс нутгийн дотоод хэрэгт Бээжин хөндлөнгөөс оролцож буйг хязгаарлахын төлөө хүн амын нь олонх тэмцэж буй Хонконгийн асуудлыг хурцатган, Хятадын үйл хэрэгт Лондон ил шууд оролцож, Хятадын эсрэг цэргийн AUKUS эвсэлд орж байгаа юм. Тиймээс Зүүн Азийн хилийн чанадад британичуудын санаархал их байх тусам тэд Хятадын дургүйг бага хүргэнэ гэдгийг ойлгуулах шударга хандлагын үүднээс Фолклэндийн арлуудын асуудлыг Бээжин хурцатгаж буй хэрэг.
Үнэн хэрэгтээ Бээжингийн эрх ашиг нэлээд өргөн хүрээтэй. Аргентинийг дэмжиж буй нь Хятадын гадаад бодлого ихээхэн далайцтай болж байгааг харуулсан шинж тэмдгүүдийн нэг гэж хэлж болно. “Сүүдэрт үлдэхийг” гол агуулгаа болгосон Дэн Сяопиний бодлогоос Си Зиньпиний махруу, түрэмгий бодлогод шилжих үйл явц болж байна. Дэн Сяопиний үед Хятадад дорвитой гадаад бодлого явуулахад, ялангуяа эдийн засгийн нөөц бололцоо хомс байлаа. Одоо тэнд энэ бүхэн бий болсон. Түүгээр ч барахгүй 1990-2000-гаад оноос эхтэй эдийн засгийн хүч түрсэн үйлдлээсээ цэрэг-улс төрийн үйлдэл рүү шилжих боломжтой тодорхой цаг үе ирж байна. Энэ нь гаргасан хүч чармайлтынхаа үр дүнг хамгаалах зорилготой юм. Ийм шилжилт хийхэд АНУ-ын бодлого их нөлөөлж байна. Ж.Байдений Засгийн газрын бодлогоор Бээжинтэй Вашингтон шөргөөцөлдөх болсон нь нууц биш. Чухам Америкийн одоогийн Ерөнхийлөгчийн Засгийн газар энэ сөргөлдөөнийг системийн, байнгын шинж чанартай болгож буйюм. Америкийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгосон гэхэд ч хэтрүүлсэн болохгүй биз ээ.
Хятадын цэрэг-улс төрийн бодлого гурван чиглэлээр өрнөж байна гэж үзэж болохоор. Нэгдүгээрт, итгүүлэн үнэмшүүлэх үйлдэл нь Америкийн эсрэг мэдэгдлүүдийн тусламжтайгаар идэвхжиж байна. Тухайлбал, колоничлолын эсрэг бодлогыг нь аваад үзвэл АНУ хийгээд холбоотнуудынх нь олон улсын тавцанд явуулж буй үйл ажиллагааг эрс шүүмжилж, Америкийн стратегийг шударга бус, шинэ колоничлолын гэж нэрлэсэн баримт бичиг Хятадын Гадаад хэргийн яам хоёрдугаар сард олон нийтийн сонорт хүргэсэн юм. Хятадын урьд өмнийн баримт бичгүүдэд ийм хурц шүүмжлэл анзаарагддаггүй байв. Бээжингийн гадаад бодлого илүү түрэмгий аястай болж байгааг тэмдэглэхээс аргагүй. Хятадын ялангуяа өндөр түвшний дипломатууд ийн хандаж байх заавар авсан бололтой. Хоёрдугаарт, Зүүн Азийн дэвсгэр нутгийн гадна болж буй үйл явдалд Бээжин ихээхэн идэвхтэй оролцох болжээ. Латин Америк, Африк, Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Эдгээр улсууд эдийн засгийн өсөлт, улс төрийн хөгжлийн үүднээс ирээдүйтэй харагдаж буй, гэлээ ч үндсэндээ Өрнөдөөс үзүүлдэг дарамт шахалтаас үүдэн одоо хэр нь тэд олигтой хөгжиж цэцэглэж чадахгүй байгаа юм. Тэдний нэг нь Аргентин.
Хятад улам бүр их гүрний дүрд тоглож, манай гаргийн бусад хэсэгт томоохон асуудлаар олон улсын аюулгүй байдалд байр сууриа тодорхойлж байна. Украин дахь үйл явдлыг зохицуулахтай холбоотойгоор Бээжингийн гаргасан санаачилга, Саудын Араб, Ираныг хооронд нь ойртуулахад зуучийн үүрэг гүйцэтгэсэн нь ийм бодлогын нь тодорхой илрэл юм. Эцэст нь, хилийн чанад дахь цэргийн оролцоогоо Хятад өргөжүүлж байна. Урьд нь бусад улсад аюулгүй байдлын бүс бий болгохдоо төвөгшөөдөггүй байсан бол одоо Ойрхи Дорнод хийгээд Азийн олон оронд Америкийн “халхавч” хүрэлцэхээ больсон хэмээн ил шулуун мэдэгдэх болов.
Бээжингийн гадаад бодлого бидний нүдэн дээр идэвхжиж байна. Өмнө нь хилийн чанадад өөрийн оруулсан хөрөнгийн аюулгүй байдал, эдийн засгийн үр ашгийг нь Бээжин илүүтэй сонирхдог байсан бол одоо цэрэг-улс төрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг урьтал болгодог боллоо. Хятад улс дэлхийн бүх бүс нутагт гар нь хүрдэг, дэлхий дахины болон бүс нутгийн асуудалд тодорхой байр суурьтай сонгодог их гүрний байдалтайгаар аливаад хандаж байна.