Архангай аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Монголын анхны чингэлгэн цэнгэлдэх хүрээлэн болох "АРА комплекс" ашиглалтад орлоо. 25 га талбайтай, 4000 хүний багтаамжтай тус стадионд шоу тоглолт, урлаг, спортын шинэлэг үйл ажиллагаа долдугаар сарын туршид болно. Мөн цирк, амьтны хүрээлэн, музей, галлерей, 84 үйлчилгээ, борлуулалтын цэг, гэр буудал, майхантай буудлах хэсэг, хоолны газар, 1500 авто зогсоол, морины уяа, сурын талбай байхаас гадна 12 хэсэгт эко 00-ийн цэгүүдийг байршуулжээ.
“АРА комплекс”-т долдугаар сарын туршид доорх үзвэр үйлчилгээ зохион байгуулагдана.
- Хүүхэд харах цэцэрлэгийн үйлчилгээ
- Байгальд ээлтэй, цэвэр усны зарцуулалт бага эко 00
- 31-н төрлийн хоол үйлчилгээний газар
- Гэр болон майхан кемп
- “Этүгэн” контемпорари үзэсгэлэн
- Циркийн үзүүлбэр
- Хүннү гүрний музей
- Гэрэл зургийн үзэсгэлэн
- Ретро машины үзвэр
- Амьтны хүрээлэн
- Урлаг, соёлын үйл ажиллагаа
- 20-н төрлийн хүүхдийн тоглоом
Мөн “Архангай аймаг-100 жил” нэртэй маркийн нээлт боллоо. 20000 хувь хэвлэгдсэн тус маркт Архангай аймгийн сүлд, чимэглэл хэсэгт лого, Төрийн тахилгат Суврага хайрхан уул, Тэрхийн цагаан нуур, Хорго, Булган хайрхан уул, Монголын улаан номд орсон хүдэр, Хүннүгийн язгууртны морины гоёл Бэлгэт гөрөөс, нутгийн захиргааны ордон, ахуй байдлыг монгол зургийн аргаар дүрслэн харуулжээ. Маркийг бүтээхэд Архангай аймгийн ЗДТГ, аймгийн Шуудан үйлчилгээний газрын хамт олон, МУИС-ийн Биологийн тэнхимийн багш доктор, профессор С.Гомбобаатар, Д.Суран нар зөвлөгөө өгч, маркийн зургийг Б.Баярхүү зурсан байна.
Архангай аймагт 11 зочид буудал, 138 гэр буудал, 31 дэн буудал, амралтын 3 газар, 34 жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. 2022 оны байдлаар дотоодын 161520, гадны 7173 жуулчин Архангай аймагт иржээ. 2023 оны төлөв байдлаар нийт жуулчдын тоо 285364 хүрнэ гэж тооцоолж байна. Архангай аймгийн брэнд болсон “Монгол сарлаг” фестиваль, “Орхоны хөндийн адуучдын баяр”, “Орхоны хөндийн бяцхан 99 баатрын аялал” зэрэг үйл ажиллагаанууд зуны туршид зохион байгуулагдана.