Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ болох эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамгааллын үйлчилгээг хүүхэд бүрд хүртээмжтэй, цогц байдлаар үзүүлэхэд салбар дундын ойлголцол, хамтын ажиллагаа шаардлагатай байгааг үндэслэн хэлэлцүүлгийг ЭМЯ, БШУЯ, ХНХЯ хамтран тогтмол зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Ингээд гурав дахь удаагийн ээлжилт уулзалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгууллаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, “Та бүхнээс бидэнд байнга тавьж байсан байнгын асаргааны тэтгэмжийн хэмжээг ижил болгох, 2020 оноос хойш хугацааны хэрэглээний үнийн өсөлттэй уялдуулан хэмжээг нэмэгдүүлэх санал, хүсэлт, шаардлагуудыг Төсвийн тодотголоор шийдвэрлэлээ. Долдугаар сарын 01-ний өдрөөс нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 12.8 хувиар нэмэгдүүлж 325,000 төгрөг, харин 2020 оноос хойш нэмэгдээгүй байгаа асаргааны тэтгэмжийн хэмжээг 2023 оны амьжиргааны доод түвшинд буюу 275,000 төгрөгт хүргэн нэмэгдүүлж олгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн” гэлээ.