Долдугаар сарын 1-нээс ахмадуудын тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон асаргааны тэтгэмж нэмэгдэж буйтай холбоотойгоор ХНХЯ-наас мэдээлэл хийлээ. 2023 оны төсвийн тодотголоор 1,89 их наяд төгрөгийн зарцуулалтыг нэмж, үүний 90 хувь нь ХНХЯ-ны хүрээний төсөвт зарцуулагдах юм. Төсвийн тодотголын хуулийн хүрээнд 168 мянган ахмадын тэтгэвэрийн зөрүү арилгахаар төлөвлөсөн байна. Ингэснээр тэтгэвэрийн доод хэмжээ 550 мянган төгрөг боллоо. Нийгмийн даатгалын сангаас нийт 488,000 иргэн тэтгэвэр авдгаас 75 орчим хувь нь буюу 361,000 иргэн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг байна. Тэтгэвэр нэмэгдүүлэх ажлын хүрээнд 496.2 мянган иргэн хамрагдах бөгөөд нийгмийн даатгалын сангаас 194.4 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна.
Долдугаар сарын 1-нээс нийгмийн халамжийн тэтгэвэр 325 мянга, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмж 325 мянга, ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа хүнд олгох тэтгэмж 275 мянга, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа хүний тэтгэмж 275 мянган төгрөг болж нэмэгдэнэ.
Харин Төрийн албан хаагчдын цалинг 2023 оны долдугаар сарын 1-нээс 26-50 хувиар нэмж байна. Төрийн захиргааны байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг, биеийн тамир спортын салбарын төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ нэг сая төгрөгт хүрлээ. Мөн Төрийн тусгай албан хаагчдын цалингийн зөрүүг арилгаж, дунджаар 242 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалин 30 хувиар өснө.