“Улаанбаатар” олон улсын хөгжмийн II наадмыг наймдугаар сарын 8-14-нд зохион байгуулахаар болжээ. Шанхайн Консерваторын симфони найрал хөгжмийн тэргүүн, Филадельфийн залуучуудын оркестрын хөгжимчин гээд нэр хүндтэй уран бүтээлчид уг наадмын үеэр цуглах юм. Италид суурьшин ажиллаж буй дуурийн гоцлооч, Гавьяат жүжигчин Ч.Бадрал, хойд хөршийн Эрхүү хотын Филармонийн хийлч Х.Санчир зэрэг гадаадад уран бүтээл туурвидаг монголчуудын төлөөлөл ч хүрэлцэн ирэх ажээ. Энэ наадмыг санаачлагч нь БНХАУ-ын Кунминь хот дахь Олон улсын оркестрын хөгжимчин Т.Хуяг, Өвөр Монголын Урлагийн үндэсний их сургуулийн багш, удирдаач Б.Лхагвасүрэн нар юм байна. Удирдаач Б.Лхагвасүрэн “Фестиваль бол урлагт дуртай, хайртай хүмүүсийн хийдэг ажил. “Улаанбаатар” наадмыг Төв Азийн тэргүүлэх арга хэмжээ болгохыг зорьж байна” гэлээ.