Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг олгохтой холбоотой хэд хэдэн асуудал хэлэлцүүлэв. Тодруулбал, тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлж, Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 550 мянган төгрөгөөр тогтоолоо. Мөн хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 440 мянган төгрөг болгон шинэчиллээ. Харин халамжийн тэтгэврийн хэмжээг 350, асаргааны тэтгэмжийг 275 мянган төгрөгт хүргэсэн юм.
Тус хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Монгол Улсын 0-18 насны бүх хүүхдэд олгох журам батлав. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, “хүүхдийн мөнгө”-ний долдугаар сарын олголтыг наадмын өмнө иргэдийн дансанд шилжүүлэх гэнэ. Ингэхдээ энэ оны эхнээс буюу өнгөрсөн зургаан сарын хугацаанд хүүхдийн мөнгө аваагүй, хасагдсан өрхөд тэтгэмжийг нь өмнө авч байсан банкны дансаар нөхөн олгох аж.
Төрийн албан хаагчдын цалин хөлсийг ирэх сарын 1-нээс 26-50 хувиар нэмэгдүүлэх юм. Захиргааны албан хаагчдын цалингийн доод хэмжээг нэг сая төгрөгт хүргэх бөгөөд энэ нь дунджаар 282.3 мянгаар нэмэгдэнэ гэсэн үг. Улмаар баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний орлогчийн цалинг ч өсгөх юм байна. Цагдаа, дотоодын цэргийн болон бусад төрийн тусгай албан хаагчийн цалингийн хэмжээ ялгаатай байгааг нэгтгэн тогтоосон. Ингэснээр тусгай албаны бага болон дунд албан тушаалтны цалин дунджаар 242.1 мянган төгрөгөөр нэмэгдэн, адил зэрэглэлд хамаарах албан хаагчдын цалингийн зөрүүтэй байдал арилах аж. Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, биеийн тамир, спортын салбарынхны үндсэн цалинг шинэчлэн тогтоосноор доод хэмжээ нь нэг сая төгрөгт хүрнэ. Түүнчлэн нийтлэг үйлчилгээнийхний цалингийн доод хэмжээ 750 мянган төгрөг болох нь.
Бэлтгэсэн: У.Наран