Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн 8 дүүргийн 28 байршилд 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөх, барилгажуулах төслийг хэрэгжүүлэхээр баталсан. Уг байршлуудад батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 148,323 айлын орон сууц, 60 сургууль, 92 цэцэрлэг, 14 эмнэлгийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 2023 оны байдлаар 18 байршил, 51 хэсэгчилсэн талбайд 45 төсөл хэрэгжиж байна. Одоогийн байдлаар 3023 нэгж талбарт газар чөлөөлөлт хийж, 16,671 айлын орон сууц ашиглалтад орсон гэдгийг Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү хэллээ.
Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд хэрэгжиж буй Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр авто зам, дулаан, цахилгаан холбоо, ус хангамж, ариутгал татуургын шугам сүлжээ, үерийн хамгаалалтын далан, тохижилт ногоон байгууламжийн ажлууд хийгдсэн байна. Иймд бүтээн байгуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн 14,18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14,15 хорооны нутаг дэвсгэр долоон буудал орчим, Сонгинохайрхан дүүргийн 7,8,9,10,28,40 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянхошуу орчмыг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршилд оруулах тогтоолын төслийг танилцуулж, НИТХ-аар хэлэлцэхээр боллоо.