“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, төрийн байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн хүрээнд процессын дахин инженерчлэл хийх талаар салбарын удирдах албан хаагчдад танилцуулах уулзалтыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төвтэй хамтран зохион байгууллаа.
Төрийн байгууллагын процессын дахин инженерчлэл нь байгууллагын оновчтой, үр ашигтай засаглалыг бэхжүүлэх зорилгоор байгууллагын чадамж, бүтээмж, процессын хөгжүүлэлт, төрийн үйлчилгээний чанар, иргэд болон төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа юм.
Эдгээр эрх зүйн болон практик үндэслэл, шаардлагаар процессын дахин инженерчлэл хийснээр дараах үр дүнд хүрнэ. Үүнд:
-Иргэдийн төрийн үйлчилгээг авахын тулд туулдаг шат дамжлагын тоог багасгана.
-Төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай хүргэх боломжтой болно.
-Төрийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой албан хаагчийн ажлын ачааллыг илүү тэнцвэртэй зохион байгуулах боломжтой болно.
-Төрийн үйлчилгээг хүргэх илүү олон сонголттой болж, иргэд хүссэн хэлбэрээр, хялбараар авах боломж бүрдэнэ.
-Захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг илүү оновчтой болгоно.
-Төрийн албаны бүтээмж, чадамж дээшилж, төрийн үйлчилгээг үзүүлж буй албан хаагч, үйлчилгээ авч буй иргэн аль алиных нь сэтгэл ханамж нэмэгдэх ач холбогдолтой юм.