Чингэлтэй дүүргийн XIX хороонд “Пюр инженеринг солюшн” компанийн нэг га орчим хэмжээтэй буюу 15 айлын хашааны газартай тэнцэхүйц, мод үржүүлгийн талбай бий. Уг талбайд гурван хүлэмж ажиллуулж, 10 гаруй төрлийн мод тарин, үрслэгээ үржүүлдэг аж. Талбайн хэмжээ том, хийх ажил ихтэй ч тэнд уржигдар ердөө нэг бүсгүй л ажиллаж байв. Компаниас нь өдрийн хоол өгч, өдөрт70 000 төгрөгөөр цалинжуулдаг гэсэн. Энэ талаар бүсгүй “Би зочид буудал, зоогийн газрын менежер мэргэжилтэй ч мэргэжлээрээ ажиллаж үзээгүй, ажлын байр ч ховор юм билээ. Янз бүрийн ажил хийж явсаар эл компанид хоёр дахь жилдээ ажиллаж байна. Өвөл ажил нь зогсонги байдгийг эс тооцвол цалингаа хугацаанд нь олгон, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Гол нь тогтвортой хамт олон бүрдэхгүй, ялангуяа залуус ганц хоёр өдөр ажиллаад л ахиж ирэхгүй, алга болдог. Долоо хоногт өөрийн хүссэн нэг өдрөө амрах боломжтой. Сард 25-26 хоног ажиллаад 1 700 000-1 800 000 төгрөгийн цалин авдаг нь боломжийн дүн” хэмээн ярив. Тэгвэл дээрх команийн захирал Г.Алтангэрэл “Манайх одоогоор 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн хэсэгт хуваагдан ажиллаж буй. Одоо (уржигдар) мод үржүүлгийн талбайд нэг хүн л ажиллаж байна. Өвөл ажилладаггүй, тогтмол ажлын байр бий болгож чаддаггүйтэй холбоотой юу ажиллах хүн олдохгүй юм. Хэрэв одоогийнхоос 50 хувиар олон, ядаж 30 хүн ажиллуулбал бүтээмж өндөр, захиалгат ажлуудаа цаг тухайд нь дуусгах боломж бий. Өдрийн хоолтой, өдөрт 70 000-80 000 төгрөгийн цалинтай, хотоос хол ажиллавал ажилчдын унаагаар үйлчилнэ гэж хавраас хойш зар тавиад ирэх хүн цөөн байна” гэж өгүүлэв.
Барилгын ажил одоогоор хамгийн өндөр үнэлгээтэй бөгөөд мөн л ажиллах хүн хомс байгаа аж. Энэ талаар барилгын гадна фасад хийдэг “Жинст төв констракшн” компанийн захирал “Барилгын ажил хэцүү, залуус бэрхшээх нь олон. Цөөнгүй жил ажиллан, өндөр цалин авч сурсан хүмүүс л ажиллана уу гэхээс оюутнууд, 25-аас доош насныхан ажиллах нь цөөн. Манай компани өдөрт 80 000-100 000 төгрөгийн цалин олгон, өдрийн хоол өгч, ажиллах хугацаанд нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Сайн ажилчнаа нэг ам метр фасад хийхэд 30 000 төгрөгөөр тооцон, гүйцэтгэлээр нь цалинжуулдаг. Ингэснээр нэг хүн сард багадаа 10, ихдээ 15 сая төгрөгийн цалин авч байгаа юм. Манайх өдгөө 50 ажилчинтай бөгөөд ядаж 70-уулаа байвал төлөвлөгөөгөө ирэх арваннэгдүгээр сараас өмнө дуусгах боломж бүрдэнэ. Цагийн ажлын биржээс өдөрт 66 000 төгрөгийн цалинтай буюу хямд хүчирдэг ч ажил огт хийж чадахгүй, цаг үрдэг учраас захиалахаа больсон” гэлээ.
Барилгад нэг өдөр ажиллах цалин хамгийн өндөр буюу 80 000-100 000 төгрөг байгаа чажил нь хүнд, зарим байгууллага амласан хөлсөө өгдөггүй хэмээн залуус халширдаг юм байна. Нөгөөтээгүүр, иргэд хүнд хүчир ажил хийх сонирхолгүй болжээ. Хийвэл БНСУ, Австрали, АНУ зэрэг хөдөлмөрийн үнэлэмж өндөртэй оронд очиж ажиллана гэх нь ч цөөнгүй. Тэдний нэг, Сүхбаатар дүүргийн иргэн Б.Сүлд “Би БНСУ-д “хар”-аар таван жил ажиллаад 2022 оны намар Монголд ирсэн. Мужаан, барилгын засал чимэглэл зэрэг нарийн чимхлүүр ажил хийж сурсан. Гэтэл энд цалин даанч бага юм. Өдөрт 10 цаг ажиллуулаад 100 000 төгрөг буюу 30 ам.доллар хүрэхгүй мөнгө өгөхийг санал болгодог. БНСУ-д өдөрт 10-12 цаг ажиллахад үүнээс дөрөв дахин их цалин авна. Яаж ийж байгаад БНСУ, эсвэл Япон явах санаатай” гэж ярилаа.
“Самушил” буюу цагийн ажлын бирж Монголд үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрсөн. Ийм биржид өглөөд бүртгүүлсэн хүмүүс өдөрт найман цаг ажиллах гэрээ байгуулдаг. Өдрийн ажлын хөлснийх нь 10 хувийг зуучлагч, үлдсэнийг нь ажилчин нь авдаг байна. Баянгол дүүргийнIII, IV хороололд байрлалтай цагийн ажлын биржийн ажилтан “Өвөлтэй харьцуулахад ажлын захиалга их ирж, ажиллах сонирхолтой хүн ч олноор хандаж байна. Гэхдээ 25-аас доош насныхан, эмэгтэйчүүд цөөн, голдуу 30-50 насны эрчүүд ажил хайх нь элбэг. Эрчүүд ямар ажил хийхээс шалтгаалж өдрийн цалин 50 000-60 000 төгрөг. Дээд тал нь 10 цаг л ажиллуулах боломжтойг манай зүгээс илэрхийлдэг. Өнөөдөр (өнгөрсөн баасан гараг) ажлын байрны 35 захиалга ирүүлснээс 26 хүнийг ажилд зуучилсан, ажлын байрны захиалга, ажиллах хүнээс байнга олон байгаа. Захиалгын дийлэнх нь барилга, замын ажилд туслуулах, хүлэмжид ажиллах байна” гэв.
Оюутнууд, өдрийн ажил хийх сонирхолтой залуусын сэтгэгдлийг сонирхлоо. Баянгол дүүргийн XVIII хорооны нутагт усан оргилуур, хөшөө бүхий багавтар хэмжээтэй сэлүүхэн газар бий. Уржигдар 20.00 цагийн үед тэнд байсан 20 гаруй насны залуусаас хаана сурч, ажилладаг, энэ зун юу хийхээр төлөвлөснийг нь асуув. Тэдний нэг Т.Галмандах “Би ХААИС-ийн ойн инженерийн ангийн оюутан, намар дөрөвдүгээр дамжаанд орно. Зуныхаа амралтаар мэргэжлийн дагуу ажил хийх бодолтой. Налайхад байрлалтай, хүлэмжийн аж ахуйд ажиллахаар сонирхтол байрлаж ажиллана, өдрийн цалингаа тохиръё, 50 000 төгрөгөөс дээш олгоё гэсэн. Долоо хоногт нэг л өдөр амарна, бас тэндээ байрлана гэхээр уйтгартай санагдсан” гэв. Харин Г.Оюунгэрэлт “Би МСҮТ-д нэг жил суралцаад үсчин болсон. Дадлага, туршлага муутай учраас үсчний газарт туслахаар ажиллах гэтэл өдрийн цалин нь 30 000 төгрөг гэнэ. 10.00-21.00 цагт ажиллана, унаа, хоолны мөнгө өгөхгүй гэсэн нь бага байна. Тиймээс арай өндөр цалинтай ажил сураглаж байгаа” гэв.
Дээрх жишээнээс харахад манай улсад ажил хайсан иргэнд санаанд тохирсон ажил нь олдохгүй, эсвэл цалин хөлс нь таалагдахгүй, ажилчин хайсан байгууллагууд нь хүнээ олж чадахгүй нь элбэг байна. Энэ нь олон шалтгаантай ч олгож буй цалин бага, ажил мэргэжлийн зөрүү их гэдэг нийтлэг үндэслэлтэй аж. Энэ талаар эдийн засагч Б.Энхбаяр “ХНХЯ-наас гаргасан судалгаанд ажилгүйдэл их байгаагийн хамгийн том шалтгаан нь ажил мэргэжлийн зөрүү гэдгийг дурдсан. Төрөл бүрийн инженер, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхгүй, нийгмийн чиглэлийн мэргэжилтэн олноор “үйлдвэрлэсэн”-ий уршиг. Шинэ төгсөгчдийн 60 орчим хувь нь эхний 1-2 жил ажилд орж чаддаггүй гэсэн дүн ч үүнтэй холбоотой. Мөн улирлын чанартай, биеийн хүчний ажлын нөхцөл муу, цалин бага учраас иргэд хийхээс халширдаг. Хэрэв улирлын чанартай ажлын байруудын цалинг нэмж, хангамжийг нь сайжруулж, сул зогсолтын мөнгө бага боловч олгож хэвшвэл ажиллах хүчний хомсдол багасна” хэмээн ярилаа.
Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар ажиллах хүчний тоо 1.1 сая байсан нь 2022 оны мөн үеийнхээс 17 200, өмнөх улирлаасаа 47 000-аар буурсан дүн аж. Дээрх хугацаанд ажилгүй хүний тоо 2022 оны нэгдүгээр улирлынхаас 22 хувиар өсөн, 65 000-д хүрснийг Үндэсний статистикийн хорооны тайланд дурджээ. Ажилгүй хүний тоог аймаг, дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст ажил хайгчаар бүртгүүлсэн иргэдийн мэдээлэлд үндэслэн гаргадаг бөгөөд бодит байдалд ажилгүй хүн дээрхээс олон байх магадлалтай юм.