Энэ сарын 6-нд АНУ-ын Ричмонд хотод зэвсэгт этгээд Монро Паркт болж байсан төгсөлтийн баярт цугларсан олон рүү гал нээжээ. Халдлагын улмаас хоёр хүн амиа алдаж, таван хүн шархадсан байна. Өөр нэг хүүхэд халдлагаас зугтаж яваад машинд дайруулжээ.
Халдлага үйлдсэн 19 настай залуу зугтахыг завдсан ч баривчлагдсан бөгөөд түүнийг хоёр дугаар зэргийн хүн амины хэрэгт буруутгана гэж Ричмонд хотын цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Рик Эдвардс хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Цагдаагийнхны мэдээлснээр гэмт этгээдийн биед дөрвөн гар буу байжээ. Халдлагад өртөж амиа алдсан 18 настай төгсөгч, 36 настай эрэгтэй хохирогчдыг халдлага үйлдэгч танидаг байж магадгүй гэж мөрдөгчид үзэж байна.
Төгсөлтийн ёслол Их Сургуулийн хотхонд байрладаг Монро Паркт болж байсан бөгөөд албан ёсны хэсэг дууссаны дараа төгсөгчид гэрэл зураг авахуулахаар гудамжинд гарахад буудаж эхэлсэн байна. Тэр үед гудамжинд олон зуун хүн байжээ.