“Queen” хамтлагийн алдарт "Bohemian Rhapsody" бүтээл нь анхандаа "Mongolian Rhapsody" гэсэн нэртэй байжээ. Энэ тухай Sky News суваг мэдээлэв.
Мэдээнд дурдснаар хамтлагийн ахлагч Фредди Меркюригийн зохиосон уг дууны гар бичмэл “Sothby's” дуудлага худалдаагаар орсноор энэ нь олонд хүрчээ.
Уран бүтээлч бичвэрээ тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан Британийн агаарын тээврийн “British Midland” компанийн хэвлэмэл цаасан дээр харандаагаар бичсэн бөгөөд "Mongolian Rhapsody" гэдэг нэрийг нь зураад дээр нь "Bohemian Rhapsody"хэмээн өөрчилсөн байжээ.
Мөн дууны зарим мөрийг дараа нь сольсон гэж тэмдэглэжээ. «Mama, just killed the man» (Ээж ээ, би дөнгөж сая хүнийг алчихлаа) гэдэг мөр байхгүй байсан бөгөөд оронд нь дайнд явж байгаа үгсийг «There’s a war began I’ve got to leave tonight/ I’ve got to stand and fight " (Дайн эхэллээ / би өнөө шөнө явах ёстой / би тулалдах ёстой) гэж тэрлэжээ.
Фреди дууны нэрийн тухайд ямар нэгэн тайлбар өгөөгүй, ер нь тэгэх ч дургүй байж.
Ямар ч байсан Rhapsody (рапсоди) гэдэг нь XIX-XX зууны үед гарсан хөгжмйн төрөл, тодруулбал, “чөлөөт сэтгэлгээгээ, цээжээр” зохиосон аливаа хөгжмийн зэмсгийн эсвэл дууны бүтээл.
Харин Bohemian нь богема гэдэг үгнээс гаралтай бөгөөд энэ нь урлагийн сэхээтнүүдийн тодорхой хэсгийн амьдралын онцгой хэв маягийг хэлдэг.
"Фредди Меркуригийн бүх талаараа ер бусын энэ дуу нь хөгжмийн түүхэн дэх хамгийн нууцлаг бүтээлүүдийн нэг гэж үздэг. Хэдэн арван жилийн турш хөгжим сонирхогчид дууны утгыг тайлахыг оролдож ирсэн бол судлаачид нэг дуунд нийлж багтамгүй мэт санагдах хөгжмийн төрлүүдийн гайхалтай зохиролыг биширдэг.
Эл дуу рок хамтлагууд, зохиолчид, найруулагчид болон бусад урлагийн хүмүүст урам зориг өгөх эх сурвалж болсоор ирсэн. Нэг үгээр хэлбэл, энэ бол өргөн цар хүрээтэй хөгжимчний агуу бүтээл юм.
“Фредди амаргүй хувь хүн байсан. Хэнэггүй, хөгжилтэй харагдах тэрбээр сэтгэлийнхээ гүнд өөртөө эргэлзсэн, бага наснаас нь дагасан амьдралын талаархи ойлголттоо ил гаргадаггүй байсан. Тэрбээр энэ дууныхаа үгийг тайлбарлаагүй гэхдээ дуундаа өөрийнхөө дотоод ертөнцийн олон зүйлээс оруулсан гэж бодож байна. Энэ юуны тухай болохыг бид хэзээ ч мэдэхгүй байх. Мэдсэн ч би та нарт хэлэхийг хүсэхгүй байсан. Учир нь би хэзээ ч дуунуудаа юуны тухай гэдгийг хэлдэггүй. Энэ нь тухайн уран бүтээлийг ямар нэг хэмжээгээр устгадаг гэж би боддог. Гайхалтай дууны хамгийн сайхан зүйл нь та үүнийг хувийн амьдралдаа тохиолдож буй асуудлуудтай холбодог явдал юм. Миний бодлоор Фредди хувийн амьдралдаа асуудалтай тулгардаг байсан байх. Тэрнийгээ дуундаа тусгасан гэж бодож байна ... Үүнийг асуултын тэмдэгтэй үлдээсэн нь дээр байх” гэж хамтлагийн гишүүн Брайн Мэй ярьсан байдаг.
Дууны үгийг хэсэгчлэн сийрүүлбэл:
Энэ бодит амьдрал мөн үү? Аль эсвэл зүүд мэт төсөөлөл үү?
Гэнэт хальтирчивуу? Гамшигт автсан мэт энэ амьдралаас зугтах гарц алга.
Нүдээ нээгээд тэнгэрийг хараад нэгийг ухаар!
Би зүгээр л нэг пацаан. Намайг өрөвдөх хэрэггүй
Ээж ээ, би сая хүн алчихлаа
Гар буугаа дух руу нь чиглүүлээд гохоо дарчихлаа
Ээж ээ, амьдрал дөнгөж эхэлж байтал
Бүгдий би орхих боллоо
Меркуригийн бичсэн дууны гар бичмэл бүхий 15 хуудсыг 1.2 сая фунт стерлинг буюу 1.5 сая доллараар дуудлага худалдаанд оруулсан байна.