Wikipedia-г эзэмшдэг ашгийн бус байгууллага Wikimedia Foundation /Викимедиа сан/ ОХУ-ын Ерөнхий прокурор, ОХУ-ын Ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч Анатолий Разинков болон Роскомндазорыг цахим нэвтэрхий толийн зарим хуудсыг хаасан хэргээр шүүхэд өгчээ.
Wikipedia нь хэн бүхний ашиглаж болох, хүмүүсийн сайн дурын оролцоогоор баяждаг чөлөөт цахим нэвтэрхий толь бөгөөд хаагдсан хуудсууд нь Украины дайны тухай нийтлэлүүд байжээ.
“Wikimedia. RU”-гийн гүйцэтгэх захирал Станислав Козловскийн хэлснээр тус сан нь тодорхой хориглолтыг биш, харин Wikipedia дээрх мэдээллийг бодит үнэнд нийцэхгүй , хууль бус хэмээн үзсэн журамыг эсэргүүцэн гомдол гаргажээ.
“Ерөнхий прокурорын газар болон Роскомнадзорын эсрэг хуудсуудыг хаах тухай мэдэгдлүүдийн талаар өмнө нь зарга үүсгэсэн. Энэ удаа шинэ мэдэгдлүүдийн талаар гомдол гаргаад байгаа. Өнгөрсөн удаад бүртгэлийн санд бүртгүүлэх тухай мэдэгдэл өгөх журам зөрчигдсөн байсан. Тиймээс, хэрэв эдгээр мэдэгдэл хууль бус байвал үүнтнй холбоотой бүх шүүх хаагдана. Хууль бус шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй гэсэн үг" гэж Козловский тайлбарлажээ.
2022 оны 3-р сард Роскомнадзор ОХУ-ын Украин руу довтолсон болон үргэлжилж буй дайны тухай нийтлэлийг Wikipedia-д оруулахыг хориглоно гэж анхааруулжээ. Нэвтэрхий толь бичигт дурдсанаар “Wikimedia. RU”-гийн зуу орчим нийтлэл ОХУ-ын хориотой сайтуудын жагсаалтад орсон бөгөөд Викимедиа санг дээрх нийтлэлүүдийг устгаагүйн улмаас 10 гаруй сая рублийн торгууль ногдуулжээ.
Дижитал хөгжлийн яамны тэргүүн Максут Шадаев хэлэхдээ, ОХУ Wikipedia-г хаахаар төлөвлөөгүй байна. Гэхдээ тус цахим нэвтэрхий тольтой ижил “Знание” /Мэдлэг/ порталыг хөгжүүлж байгааг тэрээр тэмдэглэв.
“Знание”порталыг Оросын Их нэвтэрхий толь бичигт үндэслэн 2019 оноос хойш хөгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эцсийн байдлаар 100,0 мянга орчим нийтлэлтэй болжээ. Гэтэл тухайн үед Wikipedia-дээр 1.9 сая орчим нийтлэл байсан байна.
Өмнө нь Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн зөвлөлийн тэргүүн Валерий Фадеев Wikipedia сайтыг хаахыг уриалсан. “Зөөлнөөр хэлэхэд уг сайтад улс төр, түүхийн талаар маш их гажуудал бий. <...> Аль болох хурдан өөр хувилбар бий болгож, Wikipedia-г хаах хэрэгтэй "гэж тэрбээр хэлжээ.
Төрийн Думын Мэдээллийн бодлогын хорооны орлогч дарга Олег Матвейчев түүнтэй санал нэгдэж, гадаадын цахим нэвтэрхий толь бичгийг "мэдээллийн дайны зэвсэг" гэж нэрлэжээ. Тэрбээр өөр хувилбарыг "зургаан сарын дотор" бүтээх ажлыг дуусгахын тулд төсвөөс мөнгө гаргахыг санал болгожээ.