Швейцарын хөгжлийн агентлагийн Улаанбаатар хотноо хэрэгжүүлж байгаа “Хотын засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах” төслийн туршлагыг судлахаар Камбожийн Хаант Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Тажикстан Улсын төлөөлөгчид манай улсад ирээд байна. Туршлага судлах уулзалт өнөөдөр болж, нийслэлийн удирдлагууд хийгээд Монгол Улс дахь Швейцарын Хамтын ажиллагааны газрын Орлогч дарга Бенуа Мейер-Биш болон дээрх улсын төлөөлөгчид оролцлоо.
НЗДТГ Швейцарын хөгжлийн агентлагтай 2007 оноос Нэг цэгийн үйлчилгээний төслөөс эхлэн олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн юм. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн зүгээс хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, засаглал, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг хэд хэдэн төсөл хөтөлбөрийг Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж, түншлэлийн харилцааг өргөжүүлсэн.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Швейцарын хөгжлийн агентлагийн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрт хамаарах гурван төслийн нэг болох Хотын засаглалыг сайжруулах төслийг тус агентлагийн буцалтгүй тусламжаар НЗДТГ, Азийн сантай хамтран 2015-2022 онд амжилттай хэрэгжүүлснийг онцоллоо. Тодруулбал, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөрүүд зохион байгуулж, Хүний нөөцийн хөгжлийн төвийг байгуулан 2015-2022 онд давхардсан тоогоор нийт 20,933 албан хаагчийг сургалтад хамруулсан байна. Мөн 44 сургалтын хөтөлбөрийг шинээр боловсруулах, дахин шинэчлэх, цахимжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлснээс гадна төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр иргэний шинэчилсэн бүртгэлийн болон архивын үйлчилгээнүүдийг бүх хороонд шилжүүлээд байна.
Бизнес процессын дахин загварчлалын аргачлалаар нийслэлийн найман агентлагийн 20 үйлчилгээг цахимжуулсан нь төрийн үйлчилгээний цахим платформ e-Mongolia-ийн, бизнес эрхлэхэд шаарддаг зөвшөөрлийн үйлчилгээнүүдийг цахимжуулсан нь Улаанбаатар хотод бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан. Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт иргэдийн санал асуулгыг цахим хэлбэрээр авч байгаа зэрэг үр дүн гарч буйг онцолсон юм.
Туршлага судлахаар ирсэн төлөөлөгчдийн зүгээс нийслэлийн төсөв болон цахим шилжилтийн үр дүнг сонирхож байгаагаа илэрхийлж байв. Тэр дундаа “Хотын засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах” төслийн хүрээнд төрийн үйлчилгээ Улаанбаатарт амжилттай цахим хэлбэрт шилжиж байгаа туршлагыг сайшаан, судлах хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа. Швейцарын хөгжлийн агентлаг нь 2021 оноос Лаос, 2022 оноос Камбож, 2023 оноос Тажикстан Улсад төвлөрлийг сааруулах, засаглалыг сайжруулах, цахим засаглалыг дэмжих чиглэлээр томоохон төслийг эхлүүлээд байгаа юм.