Иран-Афганистаны хил дээр зэвсэгт мөргөлдөөн гарч, хоёр талаас хүмүүс амь үрэгджээ.
Ираны цагдаагийн дэд дарга, бригадын генерал Касем Резай хэлснээр тус улсын Систан, Белужистан муж болон Афганистаны Нимроз мужийн хил дээр гарсан мөргөлдөөнийг Афганистаны эрх баригч Талибан хөдөлгөөний төлөөлөгчдийг өдөөн хатгажээ.
“Хилийн тэг цэгээр Исламын Бүгд Найрамдах Иран улсын нутаг дэвсгэрт нэвтрэх гэж байсан зэвсэгт этгээдүүд болон Забулын хилийн цэргийн ангийн хилчдийн хооронд мөргөлдөөн гарсан. Мөргөлдөөнд зэвсэг, хөнгөн техник ашигласан” гэж Систан болон Белужистаны хилийн албаны мэдээллийн төвөөс мэдээлснийг IRNA төрийн агентлаг уламжлав.
Халдлагын улмаас Талибаны нэг дайчин, Ираны хоёр хилчин амиа алдаж, хоёр хүн шархадсан байна.
Афганистаны Үндэсний батлан хамгаалах яам Ираны хүчнийг өдөөн хатгасан гэж буруутгав.
“Харамсалтай нь Ираны цэргүүд хил орчмын бүс нутгуудад эхэлж гал нээсэн. Манай улс яриа хэлэлцээ нь аливаа асуудлыг шийдвэрлэх арга зам гэж үзэж байгаа бөгөөд дайн өдөөн хатгах нь аль ч талын ашиг сонирхолд нийцэхгүй "гэж мэдэгдэлд дурджээ.
"Эрх чөлөө" радиогийн мэдээлснээр мөргөлдөөний шалтгаан нь усны нөөцтэй холбоотой маргаан байж магадгүй юм. Одоо байгаа гэрээ хэлэлцээрийн дагуу Афганистан жил бүр Гильменд голоос 850 сая шоо метр усыг Иранд өгөх ёстой ч Афганистан энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хоёр орны хамгийн ноцтой асуудлын нэг болоод байна.
Талибаны эрх баригчид Гильмендэд хур тунадас бага, ус багатай байгаа тул далан нээгдсэн ч Иранд ус хүрэхгүй гэж өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдэж байсан
Талибанчууд Афганистанд засгийн эрхэнд гарснаас хойш хоёр талын хооронд, ялангуяа Нимруз мужид олон мөргөлдөөн гараад байгаа юм.