ШӨХТГ-ын даргаар саяхан томилогдсон Н.Мандуул олон нийтийн сүлжээнд “Бичгийн цаас авах мөнгөгүй ШӨХТГ яаж эмийн мафийг задалж, банкууд иргэдэд ипотекийн зээлийн гэрээний нөхцөл тулгадгийг өөрчилж, “Номин” дэлгүүрийн зах зээл дэх доод үнийг хүчээр тогтоодгийг болиулж, махны ченжүүдийн учрыг олж, “Юнивишн” интернэтийн хажуугаар өөр хэрэггүй үйлчилгээ тулгадгийг зогсоож, 160 гаруй монопол аж ахуйн нэгжид хяналт тавьж, төр тендерийн нөхцөлөө нэг компанид тохируулж бичдэгийг өөрчилж, 90 мянган аж ахуйн нэгжээ зүй бус зах зээлийн арга хэлбэрээс хамгаалах вэ дээ?” хэмээн бичжээ. Мөн тэрбээр Өрсөлдөөний тухай хуулийн 14.8-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана”, 14.9-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын тухайн жилийн төсвийг өмнөх оны батлагдсан төсвийн хэмжээнээс бууруулан батлахыг хориглоно” хэмээн заасныг дурдаад, “Боловсролын зээлийн сангаас нэг хүнд олгосон зээл нь манай байгууллагын жилийн төсвөөс өндөр” гэж бичсэн байв. Түүнчлэн Н.Мандуул ШӨХТГ нь шударга өрсөлдөөнийг хангах, хэрэглэгчийн эрхийг хангах гэсэн хоёр үүрэгтэйг тэмдэглээд, эдгээр чиглэлээр есөн хүн сард тус бүр нэг сая орчим төгрөгийн цалинтай ажилладгийг дурджээ.
Эргэн сануулахад, эл газрын даргаар өмнө нь ажиллаж байсан С.Мөнхчулуун ч өнгөрсөн оны аравдугаар сард “Манай байгууллагын 2023 оны бүтэн жилийн бичиг хэргийн зардал 2 200 000 төгрөг. Түүгээрээ албан бланк, цаас, хавтас, принтерийн хор зэргийг авах ёстой. Гэтэл энэ төрийн өмчит компаниуд арай замбараагүй юу. Бүгдийг нь татан буулгаад хувийн хэвшлийнхнээр гүйцэтгүүлэх хэрэгтэй” хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж байсан юм.
Бэлтгэсэн: Б.Сонор