Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын санхүүжилтээр 2023 оны тавдугаар сарын 22-26-ны өдрүүдэд Тайландын Хаант Улсын Бангкок хотод “Ази, Номхон далайн бүсийн залуучуудын хөдөлмөр эрхлэлт ба технологийн оролцоонд чиглэсэн үр дүнтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ” сэдэвт сургалт зохион байгуулагдаж, 15 орны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байгууллагын 40 гаруй албан хаагчид хамрагдаж байна.
Тус сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны шинжээч Г.Энхмаа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хэлтсийн дарга Г.Мөнхнасан нар оролцож байна. Энэхүү сургалтаар Ази, Номхон далайн бүсийн орны байгууллагууд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, төсөл хөтөлбөрүүд, үйл ажиллагааныхаа талаар харилцан туршлага хуваалцаж буй юм.
Мөн Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын зөвлөхүүд хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг хэрхэн оновчтой цуглуулах болон ашиглах, ажил олгогч, ажил хайгч нарт зориулсан үр ашигтай хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх талаар сургалт хийж байна.