Сүүлийн жилүүдэд тэтгэвэрт гарч байгаа иргэд ажилласан жилээ тогтоолгохын тулд шүүхэд хүсэлт гарган шийдвэрлүүлэх нь олширсон гэнэ. Яагаад ийм асуудал үүсэх болсныг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын зохион байгуулагч Э.Золжаргалаас тодрууллаа.
-Тэтгэвэрт гарах хүмүүс ямар шалтгаанаар шүүхэд хандах нь олширсон бэ?
-Шүүхэд онцгой ажиллагааны журмаар хэрэг маргаан үүсгүүлнэ гэх төрөл байдаг. Үүний дотор эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргах гэж бий. Тийм хүсэлтүүдийн нэг бол ажилласан жил тогтоолгох юм. Иргэн хүсэлтээ гаргаад, харьяа дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой. Яагаад ийм асуудал үүссэн бэ гэхээр манай улсад олон жилийн өмнө бүртгэлийн тогтолцоо сайн хөгжөөгүй байлаа. Уг нь цаасан бүртгэл байсан ч зарим нь устах, эсвэл иргэн холбогдох баримт бичгээ үрэгдүүлсэн тохиолдол цөөнгүй гарсан. Тодруулбал, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, нийгмийн даатгал шимтгэл төлсөн талаарх бичилтийг нь балласан, дутуу бичсэн, эсвэл бичээгүй шалтгаанаас болоод тухайн иргэний ажилласан жил нь тодорхойгүй үлддэг. Ийм шалтгаантай хүмүүсийн ажилласан жилийг нь гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэж шүүх тогтоож байгаа гэсэн үг. Иргэн шүүхэд хандахдаа тухайн үед хамт ажиллаж байсан хоёр хүнээрээ тус бүр тодорхойлолт бичүүлэх шаардлагатай. Мөн гэрчээр татан оролцуулж, мэдүүлэг өгүүлэх ёстой. Гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэж тухайн иргэний ажилласан жилийг нь шүүхээстогтоодог.
-Ийм хүсэлт гаргасан хэр олон хүн бий бол?
-Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 онд 94, өнгөрсөн жил 47 иргэн хүсэлт гарган, шийдвэрлүүлсэн.
-Нийгмийн даатгалын бүртгэл өдгөө цахим хэлбэрт шилжсэн. Тэгэхээр цаашид ийм асуудал гарахгүй гэж ойлгож болох уу?
-Манай улсад нийгмийн даатгалын дэвтэр ашиглахаа больсон. Өөрөөр хэлбэл, бүх мэдээллийг цахим системд бүртгэх болсон тул өдгөө хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэд цаашид тэтгэвэрт гарахад ямар нэгэн хүндрэл үүсэхгүй. Харин ойрын хэдэн жилд ийм асуудал гарсаар байх болов уу.