ШУТИС-ийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд” улсын анхдугаар олимпиадын шилдгүүдийг өчигдөр шалгарууллаа. Шилдэг инженерүүд бэлтгэх аяны эхлэл болгон тус олимпиадыг өнгөрсөн сарын 19-нөөс сарын хугацаанд 12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулжээ. Сурагчдын математик, физик, хими, мэдээллийн технологи хичээлийн онолын суурь мэдлэг, инженерийн сэтгэх чадварыг сорьсон байна. Олимпиадын тэргүүн байрт Дундговь аймгийн “Мандал” сургуулийн сурагч Э.Шинэпүрэв шалгарч, ШУТИС-д элсэн суралцах урилга, нэг жилийн сургалтын төлбөрөө бүрэн даалгуулах эрхээр шагнуулжээ. Хоёрдугаар байрт Завхан аймгийн сурагч Э.Энхмэнд, Архангайгаас оролцогч С.Төгсжаргал нар шалгарч ШУТИС-д элсэх урилга, нэг жилийн сургалтын төлбөрийг 70 хувь хөнгөлүүлэх боломжтой болсон аж. Түүнчлэн Дундговь аймгийн “Мандал” сургуулийн сурагч Б.Долгормаа, Б.Баяржавхлан нар гуравдугаар байрт шалгарч, ШУТИС-д суралцах эрх авч, нэг жилийн сургалтын төлбөрөө 50 хувиар хөнгөлүүлэхээр болсныг ШУТИС-иас мэдээллээ.