Японы Хирошима хотод гурван өдөр үргэлжилсэн "Их-7"-ийн дээд хэмжээний уулзалт өчигдөр өндөрлөлөө.
Уулзалтын хоёр дахь өдөр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хүрэлцэн иржээ. Түүнийг Хирошимад ирж магадгүй гэсэн мэдээлэл баасан гарагт гарсан ч Украины тал эцсийг мөч хүртэл баталгаажуулаагүй юм.
Украины Ерөнхийлөгчийг уг уулзалтад хүрэлцэн ирсэн нь Украины нисгэгчдийг F-16 сөнөөгч онгоцонд сургаж эхлэх, мөн холбоотнуудад эдгээр онгоцыг Киевт илгээх зөвшөөрөл олгох тухай Цагаан ордны шийдвэртэй давхацжээ.
Өдийг хүртэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины мөргөлдөөнийг хурцдах эрсдэлтэй гэж үзэн F-16 онгоцнуудыг Украинд хүлээлгэн өгөхийг эсэргүүцэж байсан юм.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливаны мэдэгдсэнээр "мөргөлдөөний онцгой нөхцөл байдалд" тулгуурлан Цагаан ордон ийм шийдвэр гаргажээ.
“Украин Америкийн цэргийн техникийг ОХУ-ын нутаг дэвсгэр дэх байг устгахад ашиглахгүй гэдгээ амласан” гэж Салливан нэмж хэлэв.
АНУ-ын хориг цуцлагдсаны дараа Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак “Лондон АНУ, Нидерланд, Бельги, Дани улстай хамтран Украиныг шаардлагатай байлдааны агаарын хүчнээр чадлаараа хангах болно" гэж мэдэгдэв.
ОХУ-ын түрэмгийллээс хамгаалахын тулд олон сарын турш холбоотнуудаас сөнөөгч онгоц хайж байсан Владимир Зеленский "Их-7"-гийн бүх оролцогчдод хандан үг хэлэхдээ АНУ-ын шийдвэрийг түүхэн гэж нэрлэжээ.
Зеленский "Их-7"-ийн удирдагчидтай уулзахаас гадна Украины эсрэг Оросын түрэмгийллийг шууд буруушаахаас татгалзсаар ирсэн Энэтхэгийн Ерөнхий сайдтай уулзав. Тэрбээр Нарендра Модитой дайн эхэлснээс хойш анх удаа уулзаж байгаа юм.
Бямба гарагийн орой хэлсэн үгэндээ Зеленский уулзалтыг "маш чухал яриа боллоо" хэмээн тодорхойлжээ.
"Энэтхэг улс бүх эрх чөлөөтэй улс орнуудад зайлшгүй шаардлагатай дүрэм журмын дагуу олон улсын дэг журмыг сэргээхэд оролцоно гэдэгт би итгэж байна. Бид тэсрэх миныг цэвэрлэх, анагаах ухааныг бэхжүүлэх талаар ярилцсан" гэж Украины ерөнхийлөгч хэлжээ.
Харин Бразилийн Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва Францын удирдагч Эммануэль Макроны хүсэлтийг үл харгалзан Зеленскийтэй уулзахаас татгалзжээ. Энэ тухай Британийн “Financial Times” сонин Лула да Силва, Макрон хоёрын яриаг мэддэг эх сурвалжаас иш татан ням гарагт мэдээлэв.
Ингэхдээ Бразилын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр Лула да Силва Украины Ерөнхийлөгчтэй уулзалт хийх саналаас татгалзаагүй, талууд "уулзалтын хуваарийн талаар л тохиролцоогүй" гэнэ. Тэдний хэлснээр, Бразилын Ерөнхийлөгч Украины талын санал болгосон цагт ням гаригт Зеленскийтэй уулзахад бэлэн байжээ. Гэсэн хэдий ч удирдагчид уулзалдсангүй.
Да Силва өмнө нь барууны орнууд энхийн хэлэлцээг эрэлхийлэхийн оронд Украинд зэвсэг нийлүүлж дайныг өөгшүүлж байна гэж буруутгаж байсан юм.