Италийн хойд хэсэгт орших Эмилиа-Романья мужид үерийн улмаас 13 хүн амиа алдаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай BBC мэдээллээ.
Хүчтэй аадар бороо орсноос болж гол мөрөн эргээсээ хальж, хотын хороололууд, газар тариалангийн талбайнууд үерт автаж, 400 гаруй зам эвдэрчээ.
Өнгөрсөн шөнө 280 орчим хөрсний гулгалт үүссэн учир оршин суугчдын нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлжээ.
Италийн Иргэний хамгаалалтын сайд Нелло Мусумечигийн хэлснээр, 36 цагийн дотор зарим газар жилийн дундаж хур тунадасны тал хувьтай тэнцэхүйц байжээ.
Италийн зэвсэгт хүчин болон эргийн хамгаалалтынхан аврах ажиллагаанд нэгдсөн байна.
Олон газарт их хэмжээний цэвэрлэгээ, нөхөн сэргээлтийн ажил хэдийнэ эхэлжээ. Эрчим хүчийг хэсэгчлэн сэргээсэн гэж эрх баригчид мэдээлсэн ч 27 мянга орчим хүн цахилгаангүй хэвээр байна.
“Coldiretti”хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр 5000 гаруй ферм усанд автаж, хэдэн арван мянган га усан үзмийн талбай, жимсний мод, хүнсний ногоо, үр тариа үерт автсан байна.
Бүс нутгийн тэргүүн Стефано Боначини хэлэхдээ "Бид урьд өмнө тохиолдож байгаагүй гамшигтай тулгарч байна. Үерийн улмаас учирсан хохирол хэдэн тэрбумаар тооцогдоно " гэв.
Олон хүмүүс Италид цаг уурын өөрчлөлттэй тэмцэх үндэсний төлөвлөгөө хэрэгтэй байгааг онцолжээ.
Италийн засгийн газар ирэх мягмар гарагт хямралын үеийн хурал хийнэ гэдгээ мэдэгдлээ.